Дэлхийн томоохон агентлагуудын нэг "Reuters" саяхан "Рио Тинто" компани БНХАУ-ын "Чайналко"-той хөрөнгийг хувьцаагаар солилцох хэлцэл хийхээр судалж буйг мэдээлсэн.
Ингэхдээ уг хэлцэл нь Оюутолгой төсөл хамаарах магадлалтайг ч дурдсан байв.
Иймд "Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн Монголын талын гишүүн Э.Мэндтүвшингээс тодрууллаа.
- Зэсийн салбарт томоохон тоглогч болох амбицтай Оюутолгойн уурхайд Хятадын тал хувь эзэмших талаар мэдээлэл үе үе цацагддаг. Ээлжит тохиолдол нь саяхан гарлаа шүү дээ. Тодруулбал “Reuters” агентлаг "Рио Тинто" компани "Чайналко"-той хөрөнгийг хувьцаагаар солилцох хэлцэл хийхийг судалж байгаа гэж мэдээлсэн. Үүнд Оюу Толгойн хувь хамрагдаж болзошгүйг дурдлаа. Та энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?
- "Reuters" агентлагийн мэдээллээс харахад "Рио Тинто" компани "Чайналко"-той хөрөнгийг хувьцаагаар солилцох хэлцэл хийх боломжийг судалж байгаа гэж хэлсэн. Хэлэлцэж буй хөрөнгийн дунд "Рио Тинто"-гийн эзэмшдэг Оюутолгой дахь хувьцаа, мөн Гвиней дэх Симанду орд ба титаны бизнесүүд орж байгаа гэж мэдээлсэн.
- "Рио Тинто" талаас няцаасныг ойлголоо. Гэхдээ ийм хэлэлцээ үнэхээр яригдах тохиолдолд хууль эрх зүйн үүднээс ямар нөхцөл байдал үүсэх вэ?
- Хэрвээ "Рио Тинто" талаас үнэхээр өөрийн "Оюу Толгой" ХХК-д эзэмшиж буй хувийг өөр этгээдэд шилжүүлэх, эсхүл зарахаар бол хэд хэдэн эрх зүйн үр дагавар бий.
Хувьцаа эзэмшигчдийн үндсэн харилцаа нь "Оюу Толгой"-н хувь хийлүүлэгчдийн гэрээ(ХНГ)-гээр зохицуулагддаг. Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-аар дамжуулан "Оюу Толгой" ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд ХНГ-нд Монголын талыг хамгаалсан тодорхой заалтууд тусгасан.
Гэрээнд Монголын эзэмшлийн хувийг зөвшөөрөлгүйгээр багасгахыг хориглосон, мөн хувьцаа шилжүүлэхийн өмнө бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэл өгөх, урьдчилсан зөвшөөрөл авах шаардлага зааж өгсөн.
Хэрэв хэлцэл "Оюу Толгой" дээр шууд биш, харин "Рио Тинто"-гийн дээд түвшний холдинг компанийн түвшинд хийгдсэн ч гэсэн ХНГ-ний үндсэн зарчим адилхан үйлчилнэ гэж харж байна.
- "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ эдгээр эрхийг хэрхэн баталгаажуулдаг вэ?
- Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын 34 хувийн эзэмшлийг баталгаажуулж, багасгахаас хамгаалсан, мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувьцааг “зөвшөөрөгдөөгүй этгээдэд” шилжүүлэхийг хориглосон.
- Хоёр үндсэн гэрээнд ийм нөхцөл үүсвэл яаж зохицуулахыг тодорхой зааж өгсөн юм байна. Үүнээс гадна өөр ямар зохицуулалт байдаг вэ. Монгол Улсын хуулиар нэмэлт хамгаалалт бий юу?
- Монгол Улсын Компанийн тухай хууль нь нэмэлт зохицуулалт хийж өгсөн. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь гуравдагч талд хувьцаагаа зарах тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчид хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэйг зааж өгсөн.
Тиймээс хэрэв ийм хэлцэл үнэхээр болоод "Оюу Толгой" ХХК-ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулах бол Монголын тал мэдээлэл авах, эдийн засгийн нөлөөллийг шалгах, тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хууль ёсны үндэслэлтэй. Хэлцэл дээд түвшинд, холдинг компанийн хэмжээнд хийгдсэн байсан ч Монголын хуулиар төрийн зохицуулалтын хяналт хэрэгжүүлэх боломж хэвээр байх ёстой.
Товчхондоо хууль болон гэрээний дагуу "Рио Тинто" Монголын талын зөвшөөрөлгүйгээр ийм хэлцэл хийж болохгүй.
- Дэлхийн томоохон байгууллага болох Reuters энэ талаар мэдээлсэн байна, мэдээж гаднынхан анзаарч байгаа байх. Энэ үйл явцыг харж буй олон улсын хөрөнгө оруулагч яаж ойлгох ёстой вэ?
- Олон улсын хөрөнгө оруулагчид Оюутолгойн төсөлд маш их анхаарал хандуулдгийг бүгд мэднэ. Дээр дурдсанчлан "Рио Тинто"-гоос Монгол талын ТУЗ-ийн гишүүддээ Reuters ташаа мэдээлсэн гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар "Рио Тинто" албан ёсоор залруулсан эсэхийг мэдэхгүй байна.
Монгол Улс урт хугацааны, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ гэдэг үндсэн зарчмыг Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн. Хууль дээдлэх зарчим бол итгэлцэлтэй, тогтвортой түншлэлийн үндэс. Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн асуудлууд хууль ёсны дагуу, ил тод байдлаар явагдах ёстой.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!