Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл Мэндийн Даатгалын Сан /ЭМДС/-гийн хулгайтай холбоотой мэдээллийг салбарын сайд Ж.Чинбүрэн хүргэлээ.
Тэрбээр "КОВИД цар тахлын үед ЭМДС-гийн үйл ажиллагаа ямар ч хязгаарлалтгүй замбараагүй явчихсан. Түүнийгээ хянаж чадахаа больчихсон. Хэрэв нэхэмжлэх ирвэл өгдөг жишгээр ёроолгүй сав шиг болсон гэсэн үг.
Уг нь 2025 онд хязгаарлалт тавиад үнийн дүнг гурван чиглэлээр буюу архаг, цочмог, төлөвлөгөөт гэсэн чиглэлээр гэрээ хийдэг болгосон. Гэтэл хяналт шалгалтын явцад гэрээн дээр нарийвчилсан хулгай хийж байгаа баримтууд гарч ирж байна.
Шууд яривал хулгайн үйлдэл гаргасан болгон нь ЭМДС-гийн үйл ажиллагааг алдагдуулсан. Эдгээрийн баримт нотолгоог хууль хүчний байгууллагад шалгуулахаар өгч байгаа.
Энэ ажлыг хийж чадна гэж бодож Засгийн газраас шинэ даргыг томиллоо" гэв.
Сэтгүүлч: Эрүүл мэндийн даатгалын хулгай ба ЭМДС-гийн асуудал буцаад хэдий хугацаанд хэвийн болох юм бэ?
Салбарын сайд: Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар 2021 онд тус хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ үед цар тахлын цаг хугацаатай таарсан.
Даатгалын сангийн төсөв цар тахалтай тэмцэх үед эрүүл мэндийн салбарт маш чухал гүйцэтгэл өгсөн.
Бидний хамгийн том алдаа хязгааргүй хэрэглээ байжээ. Гүйцэтгэсэн бол өгнө гэдэг уралдаан зарласан нь том алдаа.
Дээрээс нь "алагчилдаг байдал" нөлөөлсөн. Энэ үйл ажиллагаанд зайлшгүй 2021 оноос хойш хяналт тавих хэрэгтэй байсан юм аа.
Ийм асуудал гараад байхад нэг ч арга хэмжээ аваагүй.
Эхний алдаан дээр сануулга өгч, хариуцлага тооцоод явсан бол өдийд ийм нөхцөлд хүрэхгүй шүү дээ.
Сэтгүүлч: 2016 оноос хойш та нар төр барилаа. Гэтэл өнөөдөр хулгайгаа яриад байх юм. Өнгөрсөн хугацаанд юу хийж байсан юм бэ? Таны хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдож байна. Олон жил төр барьчхаад ийм хулгай байсныг гишүүн байхдаа яагаад хэлж болоогүй юм бэ?
Салбарын сайд: Би 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болоод энэ хуулийг санаачлахад Ажлын хэсгийг ахалж ажилласан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэн өөрчлөөд маш үр дүнтэй, санхүүжилт нь нэмэгдээд аятайхан явж байгаад УИХ-ын гишүүн байхдаа 2023 оноос авхуулаад цар тахлын үеийн санхүүжилтийг байнга шүүмжилж ирсэн.
Заримдаа бүр хувь хүмүүсийн хэрүүл шиг болдог байсан. Өдий хүртэл энэ алдааг засуулахаар явсаар өнөөдөр ямар ч байсан нотолгоо баримттай болж авлаа. Одоо засна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!