Уншиж байна ...

Нөгөөдөр Архангай, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймагт 10-20мм цас орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-20мм нойтон цас, цас үргэлжлэн орж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Мөн Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-9мм нойтон цас, цас орж, их цасны аюултай үзэгдэл ажиглагдах аж. 

Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах бөгөөд орох цасны зузаан 15-20 см байх юм байна. Гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтох юм байна. 

Энэ нь малын бэлчээрлэлтэд, ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа, зам, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа. 

Иймд эдгээр өдрүүдэд цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээллийг тогтмол харахыг зөвлөлөө. 

"Өнгөрсөн жилийн өдийд урьд өдөр нь дулаахан байсан ч маргааш нь гэнэт их хэмжээний цас орж, шуурснаас болж цасанд дарагдсан, осгосон тохиолдол олон гарсан"

Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Өнгөрсөн оны 11-р сарын эхээр ажиглагдсан нөхцөл байдлын үеэр малчид өвөлжөөндөө буугаагүй байснаас болж маш их цасанд дарагдсан, олон хүн осгож гэмтсэн тохиолдол гарсан. Үүний учир нь урьд өдөр нь маш сайхан дулаахан байсан ч маргааш нь гэнэт их хэмжээний цас орж, шуурч байгаатай холбоотой. 

Иймд их цас энэ сарын 6-ны оройгоос эхэлж 7, 8-нд үргэлжлэн орно. Гол эрчим нь 11-р сарын 7-ны өдрөө төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойгуур, 7-8-нд шилжих шөнөдөө зүүн нутгийн хойгуур гараад өнгөрнө" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав