Уншиж байна ...

Ардчилсан Намын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудалтай холбогдуулан ажлын таван хоногийн завсарлага авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. 

Өнөөдрийн хурлаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь огцруулах, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Гэвч УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зүгээс уг асуудалтай холбогдуулан ажлын таван хоногийн завсарлага авав.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин "Манай бүлэг өчигдөр хуралдаад шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд гарсан зүйлийг УИХ хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзсэн. Хүлээн зөвшөөрөхтэй холбогдуулан УИХ-аас баталсан 95 дугаар тогтоол цаашид яах вэ гэдэг асуудал яригдана. 

Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр маш тодорхой байгаа. Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай асуудлыг Цэц хэлэлцээд дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна. УИХ хүлээн аваагүй бол Цэц дахин хянан үзээд эцэслэн шийдвэрлэдэг. Байнгын хорооны өнөөдрийн хурал дээр УИХ-ын 95 дугаар тогтоолыг яаж шийдвэрлэх талаар ярилцаагүй. 

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ажлаа хийгээгүй үл ойлгогдох байдалтай байгаа учраас хэлэлцэж буй асуудлаас ажлын таван хоногийн завсарлага авч байна" гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/761045400321207