Уншиж байна ...

С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2010 оноос хойших бүх нүүрсний гэрээг ил болгоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр ""Эрдэнэс Тавантолгой" компанид 2010 оноос хойш 15 жил нүүрс борлуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хулгай, ил тод биш гэсэн асуудал яригддаг. Үүнийг шийдэх талаар өнөөдөр Засгийн Газраас тодорхой шийдвэр гаргалаа.

Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх тус компанийн нүүрсний худалдах, худалдана авах гэрээг ил болгохоор шийдвэрлэв.

Хамгийн анх нийт 10 орчим гэрээг 2022 онд нууцын зэрэглэлээс гаргаж байсан юм. Одоогоос сарын өмнө 40 орчим оффтек гэрээг ил болгосон билээ. 

2010 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийг хүртэлх хугацаанд 586 нүүрс худалдах, худалдана авах гэрээ байгуулсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн Газрын шийдвэрээр 531 гэрээг ил болгож, тус компанийн цахим хуудсанд байршуулна.

Ил болгох боломжгүй, ам нөхцөлтэй, олон улсын томоохон компаниудтай байгуулсан таван гэрээ үлдсэн. Энэ гэрээнүүд нөгөө талынхаа зөвшөөрлийг авч байж нууцын зэрэглэлээс гаргахаар заасан байгаа учраас одоогоор ил болгох боломжгүй байна. Гэхдээ энэ тал дээр бид шаардлагатай хүмүүстэй нь холбогдоод ил болгохоор ажиллаж буй.

Энэхүү гэрээнүүдийг ил болгосноор ямар ач холбогдолтой вэ гэвэл дээрх компанийг тойрсон нүүрсний хулгай, хардалтыг нэг мөр цэгцлэхэд чухал шаардлагатай гэж үзэж байна.

Яагаад гэвэл манай Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж тодорхой заасан байдаг. Мөн нийтийн мэдэх эрх хангагдана гэж үзэж байна. Аливаа гэрээ хэлэлцээрийг ил тод, "шилэн" байхад нь анхаарна. Нүүрстэй холбоотой аливаа буруу ташаа мэдээлэл, хардалт засагдана.

Хэзээ, хаана, хэний хийсэн гэрээ Монгол Улсад ашигтай бас алдагдалтай байсныг эндээс харах болно.

Ерөнхий сайдын зүгээс өгсөн чиг үүргийн дагуу "Эрдэнэс Таван толгой"-г хувьцаат компани болгох шийдвэр гаргасан. Тодруулбал олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар сүүлийн гурван жилийн тайланг дүгнэнэ. 

Тухайлбал 2022, 2023, 2024 оны тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж, тайлангаа ил болгосноор олон улсын менежментийн баг сонгон шалгаруулах замаар нээлттэй компани болгох боломжийг бүрдүүлэх юм. 

Сонирхуулахад өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус компани 176 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ хугацаанд 166 сая тонн нүүрс борлуулж, 36 их наядын орлого олж, улсын төсөвт 10.8 их наядын татвар төлсөн үзүүлэлттэй" гэв.