УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн 08 дугаар дүгнэлтэд "Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэснийг зөрчсөн байна" хэмээн үзсэн юм.
Уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудал сөхөгдөж, өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Эрх баригчид талцлаасаа болж анхаарал нь сулраад, сөрөг хүчин эрх баригчдын дотоод асуудал гэж анхаарал нь сулраад парламент бүхэлдээ сонор сэрэмжээ алдсан байх үед Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргалаа.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр илт улс төрийн захиалгат гэдэг нь маш ойлгомжтой. Гурав хоногийн дотор цэрэг хөдөлгөх онц байдлын дэгээр шийдсэн. Тиймээс энэ асуудлыг нухацтай ярихгүй бол Цэц дараа нь ямар ямар шийдвэр гаргахыг парламент анхааралдаа авах ёстой.
Үндсэн хуулийн цэц нь УИХ-ын эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг Үндсэн хуульд нийцсэн үү гэдгийг л хянадаг. Түүнээс биш парламентын гал тогоонд орж ирээд саналын томьёоллыг зааж өгөөд ингэж санал хураахгүй бол эгүүлэн татна гэдэг асуудал ярьдаг байгууллага биш.
Үүнийг бид засахгүй бол цаашдаа парламент утгаа алдана. Байнгын хороод санал хурааж яах юм. Үндсэн хуулийн цэц парламентын ирцэд орох юм уу. Энэ чинь харилцан хяналт тэнцэлтэй өөр өөр байгууллага. Парламентын олонх нь Засгийн газраа байгуулж хариуцлага тооцдог зарчмыг Цэц эвдэж байна.
Цаашдаа парламент дээр биш Цэцийн 9 гишүүнтэй учраа олчихвол Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй жишиг рүү явна.
Дээрээс нь энэ дүгнэлт өөрөө хурал удирдсаны төлөө, хурал удирдсан арга барил зарим хүмүүст таалагдахгүйн төлөө эгүүлэн татъя гэж байна. Хурал удирдаж байгаад эгүүлэн татагдчихдаг бол ард түмний мандат яах вэ. Ажлын хэсэг байгуулаад галтай сэдэв бариад авбал эгүүлэн татагдчихвал яах вэ. Энэ бол хуулийн хонгилоо яах вэ гэж байж Цэцийн хонгилтой нүүр тулна шүү" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр байнгын хорооны хурал дууссаны дараа Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Аудитын дүгнэлттэй холбоотой асуудлыг нягтлаад үзвэл Монгол Улсын нийт алдагдалтай холбоотой юм. Намын дотоод сунгаатай холбоотой гуйвуулагдсан. Манай Засгийн газрын үед Монголыг гадаадад сурталчлахад хэр их зардал гаргасныг сайн мэдэхгүй байна.
Би аялал жуулчлалыг дэмжих жил болгоод “Go Mongolia” аяныг зохиогоод, жуулчлалын компаниудаас асуувал манайд ирэх жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ бол сайн ажил.
Ерөнхий сайд чинь хурал удирддаг хүн шүү дээ. Бүх яамд өөр өөрийн ажилтай байгаа. Хурлын зохион байгуулалтын хэлбэрээр Ерөнхий сайд болон гишүүд хуралдахыг Засгийн газар хуралдана гэж байгаа. Дарааллыг хэрэг эрхлэх газраас оруулж ирдэг. Яамдын санал нийлбэл Ерөнхий сайд шууд алх цохидог.
Би ихэнх асуудлыг хэлэлцэхгүй алх цохидог байсан. Яагаад гэвэл яамдын санал нийлчихсэн байдаг. Ерөнхий сайд хэт деталь зүйлийг олон ажлын хажуугаар мэддэггүй.
"Монгол хаан" жүжгийн залуучууд руу дайрч байна. Улс төр болон уран бүтээлчдийг тусад нь бодооч ээ гэж гуймаар байна. "Монгол хаан" жүжигтэй холбоотой асуудалд нэмэр болсон нэг ч зүйл байхгүй. Харин ч надаас болж гай болж байгаа юм их байна. Тиймээс би тэр залуучуудаас уучлалт гуйх ёстой байх.
Би юу гэж Амарбаясгалангийн талаар мэдээлэл бэлдээд гадаад руу явуулаад байж байх билээ.
Ажлаа өгсөн Ерөнхий сайдын хувьд хэлэхэд гал барьж томоохон ажлуудыг яах гэж хийв дээ гэж бодогддог юм байна. Ийм олон хүн гомдоож, улсын төлөө гэдэг агуулгаар Эрдэнэтийн 49 рүү ордог зөв ч байсан юм уу буруу ч байсан юм уу.
Монгол Улсад дараа дараагийн Ерөнхий сайдууд гарч ирж таарна, наанатай цаанатай хандаж байхгүй бол. Би яах гэж олон хүнтэй зэрэг муудалцаж асуудал тарив даа гэж бодож байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!