Уншиж байна ...

ФОТО: Хууль зүйн байнгын хороо Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулахыг МАН-ын бүлэгт "сануулав"

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэв. 

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. 

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Цэцийн дүгнэлтийн тухай" хэмээн танилцуулсан нь гишүүдийн дунд маргаан үүсгэв. Маргалдаж, шүүмжилсэн гишүүдэд хандаж тэрбээр "Энэ асуудалд гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд явахаас өөр гарц байхгүй байна. Үнэхээр олон талаас нь бодож байгаад нэг ийм шийдэл олж ирлээ" хэмээн тайлбарласан юм.

Хуралдааны эцэст тус байнгын хорооноос УИХ-ын дэд даргыг огцруулах асуудлыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр шийдвэрлэдэг тул МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтныг огцруулах хүсэлтээ УИХ-д оруулж, нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэдэг санал, дүгнэлт гаргаж буйг уншиж танилцуулав. 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцсэн гэдэг нэртэй ч Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулахыг МАН-ын бүлэгт "сануулаад" хуралдаан өндөрлөв. 

Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт дурдагдсан нэг зүйлийг дурдаад УИХ хэлэлцэхгүй гэдэг байдлаар шийдэх гэж байх шиг байна. Үндсэн хуулийн 66.2-т “Үндсэн хуулийн цэц нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна” гэж байгаа. Оруулсан зүйлийг яах тухай асуудал нь 20 дугаар зүйл дээр буюу УИХ-ын бүрэн эрх дээр бичсэн байгаа.

Мөн Үндсэн хуулийн 66.2.3-т “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэр гаргана” гэсэн байна.

Үүгээр бол ҮХЦ-ийн дүгнэлт эцсийн шийдвэр биш. УИХ хүлээн авбал эцсийн шийдвэр. Аваагүй бол цэц өөрөө эцэслэн шийдвэрлэдэг.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг хуралдаан даргалагч Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлттэй холбоотой асуудал гэж уншлаа. Цэц дүгнэлтээрээ хоёр асуудал шийдсэн. Нэгдүгээрт, Х.Булгантуяа дэд даргыг Үндсэн хууль зөрчсөн, хоёрдугаарт, УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн.

Гэтэл өнөөдөр бид зөвхөн Х.Булгантуяагийн асуудлыг шийдэх гэж байна. Тэгвэл яагаад хоёр дахь асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, 95 дугаар тогтоол хүчинтэй юу, хүчингүй юу.

Цэцийн Их суудлын хуралдаан эцсийн юм бол “тогтоолыг хүчингүй болгосугай” гэж бичих ёстой байсан. Тэгэхээр УИХ өөрөө хүчингүй болгох ёстой юм биш үү.

Цэцийн дүгнэлт дээр эгүүлэн татах асуудлыг дурдаагүй, хөндөөгүй учраас эгүүлэн татах үндэслэлгүй.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Цэцийн дүгнэлтийн тухай гээд биччихсэн цэцийн дүгнэлтийн яг юуг нь хэлэлцэх нь тодорхойгүй хурал болж байна.

95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай бас дахин тогтоол гаргах ёстой юм уу. Үүнийг сайн ойлгохгүй байна. Нөгөө талдаа 95 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр болсон байсан. Тэр тогтоолыг ердийн хууль гэж үзвэл Төрийн мэдээлэлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэх ёстой байсан. Энэ хугацаа нь дуусаагүй, дээрээс нь Ерөнхийлөгч хориг тавьчихсан байсан.

Цэцийн дүгнэлтийн төгсгөлд “хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар хэлэлцэхгүй” гэсэн байгаа.

95 дугаар тогтоолтой асуудал дээр цэцийн дүгнэлт гарснаар хэрэгжээд явчихсан. Харин Х.Булгантуяатай холбоотой асуудлыг бусад холбогдох хуулийн дагуу шийдээд явах нь зүйтэй байх. Харин албан тушаалаас нь огцруулах асуудлыг Хууль зүйн байнгын хороо бус, бүлэг нь ярих байх.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Өнөөдрийн хуралдаанаар маш ойлгомжгүй байдал үүсчихлээ. 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ, Засгийн газар үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа. Бид арваннэгдүгээр сарын 17-ноос өмнө 95 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол УИХ өөрөө тарна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж болохгүй.  Х.Булгантуяа чинь алх бариад нүдээд байсан биз дээ. Та хэд хулгай, луйвраа дотроо тохироод явна гэж байхгүй. Бид зөвшөөрөхгүй. Энэ нь парламентыг нэр хүндгүй болгож эцэст нь хатуу гар мөрөөддөг байдал руу оруулж байна. Та нарын яриад байдаг дарангуйлагчийг бий болгож байна. Ийм юм руу л та нар явуулах гээд байгаа шүү дээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг