Уншиж байна ...

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг гүйцэтгэхээр болжээ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна.

Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээлснээр Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэхэд дэвшилтэт технологийг ашиглах талаар Зөвлөх багаас санал болгожээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, гүйцэтгэх ажлын зардлыг хэмнэх, гүйцэтгэхэд хялбар байх зэрэг нөхцөлөөс шалтгаалан Close fit, CIPP (Cured-In-Place Pipe), Pipe bursting зэрэг технологийг ашиглах санал, зөвлөмж өгсөн байна.

CIPP болон Close-Fit нь нөхөн сэргээх технологи бөгөөд хуучин хоолойг ашиглан дотор нь шинэ бүтэц үүсгэдэг бол, Pipe Bursting нь бүрэн солих технологи аж.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал Улаанбаатар хотын нийт 22 байршилд 93.8 км бүхий далан, 16 байршилд 100.7 км суваг, 26.37 км урт шугам барихаар төлөвлөсөн бол дөрвөн байршилд хөв цөөрөм байгуулна.

Улаанбаатар хотод дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км үерийн хамгаалалтын суваг байгаа хэдий ч эдгээр нь нийслэлийг их үерийн эрсдэл, аюулаас бүрэн хамгаалах боломжгүй гэнэ. Учир нь зарим томоохон үерийн хамгаалалтын сувгийн голдирол олон арван жилийн хугацаанд хагшаасаар дүүрч, үерийн байгууламж их хэмжээний үерийг өнгөрөөх боломжгүй болсон мөн хатуу урсцыг тогтоон барих хагшаас тунгаах байгууламж хангалтгүй гэж дүгнэжээ.