Манай улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө. Тодруулбал өнгөрсөн оны аравдугаар сард 4.7 тэрбум ам.доллар байсан валютын нөөц жилийн хугацаанд 25.7 хувиар өссөн байна. Энэ дундаа сүүлийн дөрвөн сарын хугацаанд 700 сая ам.доллароор өссөнийг Монголбанкны статистикт дурджээ.
Гадаад валютын нөөц:
Эх сурвалж: Монголбанк
Валютын нөөц ийн өсөхөд нүүрсний экспортын орлого голлон нөлөөлсөн. Нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Улмаар нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийг даалгасан юм. Үр дүнд нь экспорт сар бүр өсөж өнгөрсөн есдүгээр сард 3.2 сая тоннд хүрч, түүхэн рекордыг шинэчлэв. Мөн гацаад байсан биржийн арилжааг сэргээж, 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон байна.
Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нүүрсний орлогыг нэмэгдүүлж, улмаар монгол төгрөгийг манаж байдаг Монголбанкны гадаад валютын албан нөөцийг зузаатгав. Ерөнхий сайд Г.Занданшатарын нүүрсний хулгайтай тэмцсэн тэмцэл том зургаараа монгол төгрөгийн дархлааг сайжруулж, валютын нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэж чаджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!