Уншиж байна ...

Э.Ганхүү: “Эрдэнэс Оюу Толгой”-н засаглалыг сайжруулах байсан 18.2 сая ам.долларыг ЗГ-ын хурлаар зөвлөх үйлчилгээ авах болгосон. Одоо нууцад байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар "Оюутолгой дээр аудит оруулах гэсэн чинь аудит хийх зардал байхгүй гэсэн. Саяхан 20 сая ам.долларын асуудал яригдсан. Энэ мөнгө бол Оюутолгойд хяналт тавих зорилгоор Монголын талд өгсөн мөнгө юм байна. Одоо аудит хийлгэх мөнгө байгаа юу" гэж асуув.

Түүний асуултад “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү "Манай компани 2021 оноос эхлээд Оюутолгойн ТУЗ-ийн 274 дүгээр тогтоолоор жилдээ 5 сая буюу дөрвөн жилийн хугацаанд 20 сая ам.доллар авч далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавих үндэслэлтэй санхүүжүүлэлт авсан байсан. 

Өнөөдрийн байдлаар нийт 18.2 сая ам.долларыг авсан. Засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ зардлаар зөвлөх үйлчилгээ авах болгосон байгаа. Мөн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаа засаглалыг сайжруулах гэсэн эх үүсвэртэй байсан. 

Одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан ажлуудыг холбогдох хуулийн дагуу нууцын гэрээнээс гаргаж өгнө үү гэсэн бичгийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн. Учир нь есдүгээр сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д хийгдсэн гадаадын зөвлөх үйлчилгээний гэрээг ил болгох шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэг байгуулж аравдугаар сарын 3-нд Тагнуулын ерөнхий газарт жагсаалтаар нь хүргүүлсэн. Одоогийн байдлаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д албан ёсны хариу ирээгүй байгаа учраас компани дээр нууц хэвээрээ байгаа. 

Түүнчлэн Цагдаагийн газраас холбогдох шийдвэрийн дагуу нууцад байсан материалыг өнгөрсөн долоо хоногт аваад явсан" гэв.