"Христийн шашны байгууллагын анхаарал татах үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх нь” сэдэвт хэвлэлийн хурал өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд боллоо.
Тодруулбал Солонгосын "Шинэ тэнгэр газар” гэх нэртэй шашны урсгал манай улсад "Монгол Сувд” сүм нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар хохирсон иргэдийн төлөөлөл хэллээ.
Христийн шашны энэхүү гаж урсгалаас үүдэн ээжийгээ алдсан бөгөөд гэр бүлийн харилцаанд хэрхэн сөрөг нөлөө үзүүлсэн талаар доорх тайлбарыг өгч, хууль хяналтынхан тус шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах хэрэгтэйг хэллээ.
Хохирогчдын зүгээс "Бид ээжийнхээ 49 хоногийг дуусгаад ийнхүү мэдээллээ тарааж байна.
Манай гэр бүл христийн шашны гаж урсгалын өмнө үнэхээр хүчин мөхөстөж байна. Хүмүүст ч анхааруулга, сэрэмжлүүлэг тараамаар байна.
Монголчууд нас барсан нэгнийхээ ясыг өндөлзүүлэхгүй байя гэж ярьдгаар бид чимээгүй өнгөрч болох байсан. Гэхдээ үнэхээр олон хүн хохирох эрсдэлтэй байгаа тул гэр бүлдээ тохиолдсон зүйлсийг ярья.
"Монгол Сувд” сүмд ээж маань 2024 оноос хойш явж эхэлсэн. Анх шашны урсгал гэж мэдээгүй, сэтгэл зүйн сургалт юм байна гэж харсан.
Ээжийн маань хэлснээр нийгэмд сайн үйл, буян үйлддэг, сэтгэл зүй, сэтгэл засал, хувь хүний хөгжлийн сургалт явуулдаг гэхээр нь зөвшөөрөөд явуулсан байдаг. Мэдээж бид христийн шашныг үгүйсгэдэггүй. Гэхдээ сүмд явдаггүй.
Гэтэл ээж маань сүүлийн нэг жил биднийг сүмдээ явахыг маш хүчтэй ятгаж эхэлсэн. Явахгүй гэхээр “Чи сатан чөтгөрийн сүнстэй учраас сүмд ирэхгүй байна” гэх зэргээр хэлж, ээжтэйгээ үр хүүхэд шиг байхаа больсон.
"Би мөнх насална. Би бурханд биеэ өгчихсөн" гэх мэтээр сонин зүйлс ярьдаг болсон.
Ийм байдалтай явсаар миний ээж 2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 12:00 цагт сүм дээрээ илтгэл тавьж байхдаа бурхан болсон. Өчигдөр 49 хоног нь болоод өнгөрлөө. Энэ шашны гаж урсгалын асуудлаас болж хоорондоо маш их маргалдаж, сэтгэлийн үгээ ч хэлж чадалгүй ээжийгээ алдсандаа маш их харамсаж байна.
Яг ийм нөхцөлд орсон олон мянган хүн байдаг юм билээ. "Шинэ тэнгэр газар" гэх нэртэй групп рүү нь орж харсан, судалсан. Яаж энэ гаж урсгалыг таслан зогсоох талаар хүмүүсээс ч зөвлөгөө авч байна.
Би инфлүэнсер эсвэл олны танил хүн биш болохоор Фэйсбүүктээ анхааруулга мэдээлэл оруулбал хэдхэн л хүн үзэх байх. Тийм учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж, зарим асуудлыг хэлэхээр шийдлээ" гэв.
Үргэлжлүүлэн тухайн шашны урсгалын талаар "Энэ шашны урсгал манай улсад “Монгол Сувд" гэх байгууллагаар дамжин орж ирсэн. Үйл ажиллагаа явуулдаг нэр нь “Шинэ тэнгэр газар”.
Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулаад 40 жил болж байгаа. Харин Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага.
51 сая хүн амтай Солонгос улсад 300,000 гаруй итгэгч байдаг гэх албан бус мэдээ бий. Харин манай улсад 12,000 орчим хүн явдаг гэдгийг ээжийнхээ ярианаас сонссон.
Энэ газар хүмүүсийг яаж хуурч, хулхидаж оруулдгийг ярья. Гадаа гудамжаар явж байгаа хүмүүсийг онилж, эсвэл сүмд явдаг итгэгч нарыгаа төрснөөс нэг, ургаас нэгнийг гэж хэлж заавал шашинд оруул гэж ятгадаг.
21 дүгээр хорооллын ойр орчим, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Ботаник, Халдварт гэх мэт байршлуудад үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ.
Эхлээд
Ингээд сургалтад очиход эхлээд сэтгэл заслын хичээлүүдийг ордог боловч аажмаар Библи судлал гэж заадаг. "Хүн болгон Библи уншсан байх ёстой" гэсэн нэрийн доор сургалт зохион байгуулдаг.
Энэ мэтчилэн хүмүүсийн тархийг угааж, АХА тэмцээн зохиож, хичээлийн цогц үйл ажиллагаа явуулдаг. Өглөө, өдөр, оройн ангитай, Библийн хичээлийнхээ дагуу шалгалт аваад орой гэрт нь байхад хүртэл цахимаар хичээл ордог.
Библи сонсоод донтчихсон, бурхан байдаг гэдэгтээ бат итгэчихсэн хүмүүсийг “Одоо та нар мэдээллээ авчихсан учраас хөрс. Дараа нь хөрснийхөө найман хичээлд суучих" гэж ятгадаг.
Хөрсний найман хичээлд нь "Бурхан удахгүй бууж ирээд дэлхийг захирах гэж байгаа. Дэлхийн сүйрэл ойртож, бурхны шүүлт эхэлж байна. Манай сүмд явдаг итгэгч нар хэзээ ч үхэхгүй мөнх амьдралтай болно. Хамгийн багадаа 600 насална. Манай сүмд явснаар Харвардын сургуульд сурч олж авсан мэдлэгтэй дүйцэхүйц мэдлэгийг олж авна.
Есүхэй баатрын нэрийг Есүсийн нэрээс үелж авсан гэж хүртэл ярьж байсан удаатай.
Бурхны шүүлт болж ертөнцийн эзэн бууж ирэхэд та нар бүгд аврагдана. Тэр цагт авралд багтаж чадаагүй хүмүүс та нарын өмнө алт мөнгө бүхнээ бариад өвдөг сөгдөөд гуйна" гэж тархийг нь угаадаг.
Хүн итгэхээргүй балай юм ярихад нь арай сийрэг хүмүүс гарах саналаа хэлдэг. Гэтэл "Чи нэгэнт ийм хичээл авчихаар сүмээс гарвал тамд унана.
Чамаар зогсохгүй чиний үр хүүхэд тамд унана. Чи өвдөг сөгдөөд гуйсан ч бурхан чам руу хэзээ ч эргэж харахгүй" гэдэг байсан. Бурхныг сонссон хэрнээ үл тоосон учраас бурхан чам руу харахгүй гэж дарамталдаг.
Тэр чинь надад хамаагүй ээ гээд гараад зугтсан хүний гэрт нь хүртэл очдог. Цаашилбал утас руу нь байнга залгадаг. Ажлын газарт нь явж очдог. Хичээлдээ суу гэж дарамталдаг.
Өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл өдөр болгон нэг өдөр ч амрахгүйгээр долоон өдрийн турш тасралтгүй хичээлдээ явуулдаг. Үнэхээр аймшигтайгаар хүмүүсийг шахаж дарамталдаг.
Хурлынхаа үеэр сүмийн пастерууд нь “Энэ газрын талаар маш олон худал хуурмаг мэдээлэл гадуур явдаг. Энэ бол сатан чөтгөрийн явуулга" гэж итгэгч нарынхаа тархийг угаадаг.
Энэ сүмд явсан хүмүүс эдийн засаг, эрх чөлөө, шашинд үл итгэх эрх чөлөөгөө хүртэл бүр мөсөн алдаж байна.
Өргөл барьцын хувьд орлогынхоо 10 хувийг өг гэж хэлдэг юм билээ. Та нар бурхныг хуурвал бурхан та нарыг хуурна шүү гэж хэлдэг. Тиймээс бурхандаа үнэнч байж, өргөлөө байнга өгөөрэй гэж шаардаж, ятгадаг.
Дээр дурдсан бүхэн манай ээжийн утсанд ирсэн мессэж, Телеграмм хаягаас нь олж авсан мэдээлэл. Яагаад хүмүүсийг ингэж татан оруулж байна вэ гэвэл цэвэр мөнгө угаадаг газар байна гэж ойлгож байгаа" гэлээ.
Анх сэтгэл заслын сургалт гэж итгээд шашны гаж урсгалд орсноор ээжид нь ямар өөрчлөлт илэрсэн талаар "Би долоо хоног сүмд яваад орохгүй гэж зөрсөөр гарсан.
Ээж намайг сүмд яваагүйгээс болж харааж “Чиний дотор долоон сатаны сүнс байгаа. Тэр сүнсийг гаргах ёстой” гээд сонин сонин юм ярьдаг болсон. Хоол аягалаад өгөхөөр “Сатаны сүнстэй юм чинь хор хийсэн ч юм билүү” гэх зэргээр шашиндаа хэт автсан.
Амьдралын ойр зуурын юм ярихад хүртэл байнга Есүсээ оруулж ирдэг. Өнөөдөр ээжийнх нь ажил бүтсэн. Яагаад гэвэл бурхан надад туслалаа. Өнөөдөр ээжийнх нь ажил бүтсэнгүй даан ч би бурхныг буруугаар бодсон юм аа” гэх зэргээр ярьдаг.
Өмнө нь бидний ээж үнэхээр ийм байгаагүй. Зөв хандлагатай, зөв сахилга баттай байхыг шаарддаг хөдөлмөрч хүн байсан.
Шашны гаж урсгалд орсноос хойш бидний харилцаа дордсон. Бид ээжийгээ ойлгохоо больсон. Ээж маань биднийг үр хүүхдээ гэх нүдээр харахаа больж Есүст итгээгүйн төлөө сатан гэдэг нүдээр хардаг болсон. Энэ шашин ингэж хүмүүсийн тархийг угааж байгааг анхаарах хэрэгтэй болжээ.
"Шинэ тэнгэр газар” гэх нэртэй шашны урсгалыг айлддаг "Монгол Сувд” сүм хүний эс шүтэх эрхийг боочхож байгаа" хэмээн хэллээ.
Мөн "Залуу хүүхдүүдийг мөн хуурч мэхэлж шашиндаа оруулдаг юм билээ.
Америк руу сурахаар явах гэж байсан нэг хүүхдийг хүртэл сургуулиа хаяхад хүргэсэн.
"Чи Америк явж зарлага гаргаж байхаар манай сургалтад суугаад төгсвөл Харвардад манай сургалт орчихсон. Тэгэхээр энэ сертификатаа бариад Америкт очиход чамайг захын ямар ч газар ажилд авна. Юун Харвард, бид нар чинь сүнсний эмч нар" гэж шахаж дарамталсан байдаг.
Энэ газраас гарахыг хүссэн, гэр бүлийн хүмүүсээ ч гаргахыг хүссэн маш олон хүн байдаг учраас хэвлэлийн хурал зарлалаа.
Хүмүүс энэ газраас маш их айдаг. Бид нар ч айж байна. Яагаад гэвэл бидний бүх мэдээлэл буюу хаана ямар ажил хийдэг, утасны дугаар, регистрийн дугаар, цалингийн эх үүсвэр, өр зээлтэй эсэх гээд бүх мэдээлэл бий. Энэ бол хүний эмзэг мэдээлэл. Түүгээр биднийг яаж дарамталж юу ирэхийг хэн ч мэдэхгүй. Бид ах дүү наймуулаа, наймуулангийнх нь мэдээлэл байдаг. Ээж маань энэ газарт явдаг байсан учраас бидний бүх мэдээлэл бий.
Гэхдээ өнөөдөр бид зориг гаргаж дуугарахгүй бол өөр хүн алга. Энэ байгууллагыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоохгүй бол үнэхээр аюултай, аймшигтай газар.
Тэд хөгжлийн бэрхшээлтэй, архи уудаг, эсвэл орон гэргүй хүмүүсийг сүмдээ элсүүлж авдаггүй. Зөвхөн санхүүгийн хувьд боломжтой, орлоготой хүмүүсийг сүмдээ авдаг гэж хардаж байгаа" гэдгийг хохирогчид ярьж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!