Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Багш нарын цалинг гал унтрааж нэмлээ гэхэд араас нь эрүүл мэнд, эрчим хүчний салбар гарч ирнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд болж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.

Өнөөдрийн хурлаар эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанар, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудлуудаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бэлтгэсэн мэдээллийг сонссон байна.

Уг хурлаас гарсан шийдвэрийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав. 

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын санхүүжүүлэлт бараг нурчихсан гэхэд болно. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг боловч үйлчилгээ авч болдоггүй. Монгол Улс төсвийнхөө хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг боловч үр ашиг байдаггүй. 1,000 хүн ногдож буй орныхоо хэмжээгээр дэлхийн хөгжингүй орноос ч илүү хөрөнгө оруулалт хийчихсэн. Эмнэлгээс гадуур нас барж буй иргэдийн хувь хэмжээ асар их болсон байна. 

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилтнуудын улсын дундаж цалин 2.5 сая төгрөг. Монгол Улсын дундаж цалингаас эрүүл мэнд, боловсролын салбарын цалин бага байна. Боловсролын сайдаас эхлээд салбарынхаа ажилчдын цалинг мэддэггүй, зөрүүтэй мэдээлэл хэлдэг. Үүнд эмгэнэлтэй ч гэмээр санал гаргаж болохоор байгаа. 

Жишээлбэл Монгол Улсад ажил хийж буй иргэдийн дундаж цалин 2.7 сая төгрөг. УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол улсын дундаж цалинг авдаг байвал ямар вэ. Салбарын сайд нь салбарын ажилчдынхаа дундаж цалингаар цалинждаг байвал ядаж яаж нэмэгдүүлэхийг мэддэг байх юм байна. 

Эх үүсвэргүй, менежментгүйгээр цалин нэмнэ гэдгийн цаана татвар нэмэгдэж, юмны үнэ өсөж байдаг. Цалинг гурван төгрөгөөр нэмэхэд үнийн өсөлт 4 төгрөг болдог учраас нэмсний хэрэгцээ шаардлагагүй. Тиймээс бүтцийн өөрчлөлтийн дагуу уялдаа холбоотойгоор асуудлыг авч үзэх ёстой.

Ардчилсан Намын бүлгийн зүгээс татвар буурах ёстой, иргэд өөрөө өөрсдөө орлого олох боломж нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Манай бүлгийн хоёр гишүүн санаачилга гаргаж Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн зохицуулалт дарамт ачааллыг бууруулах хуулийн төслүүд өргөн баригдахад бэлэн болж байна.

Багш нарын цалинг одоо гал унтрааж хэлцэл хийгээд нэмлээ гэхэд араас нь эрүүл мэнд, эрчим хүчний салбар гарч ирнэ. Үндэс сууриар нь системтэйгээр шийдэхгүй бол асуудал дуусахгүй" гэв.