Уншиж байна ...

АН-ын бүлгийн гишүүн О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах санал гаргав

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах эсэх болон сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Уг асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд 1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. 

14 дүгээр зүйлд 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. 

17 дугаар зүйлд 1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх. 

23 дугаар зүйлд 1.Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан. 

29 дүгээр зүйлийн З.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэж байгаа, дэд дарга гэж байхгүй. Тэгэхээр Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан Х.Булгантуяа гэдэг хүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хууль зөрчинө. 

Бид ард түмний өмнө юу гэж хэлэх вэ. Би эмэгтэй хүн гэдгээрээ давуу байдал олохыг оролдож байгаа этгээдүүдээс болж, зарим УИХ-ын гишүүн эмэгтэй хүн болохоор нь "болиоч" гэж хэлж байх жишээний. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах саналыг оруулж өгөөч.

Залуучууд аа та нар хүн болох боловсрол эзэмшээгүй. Эцэг эхийнхээ буянаар гадаадад сургууль төгсөөд хэлтэй болсныгоо мэдлэг гэж бодож байвал андуурал. Хүн юм ярьж байхад сонсож сур. Та нар нүүрсний мөнгөөр хахаж цацсанаараа орилж байх ёстой юм уу" хэмээн ярив.

Түүний асуултад хуралдаан даргалж буй УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Цэцийн шийдвэрийг албан тушаалтантай холбоотой асуудлыг Дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлээр шийдвэрлэдэг. Үүний дагуу бол Цэцийн дүгнэлтийг 7 хоногийн дотор хэлэлцдэг. 

Энэ сарын 22-нд Цэцийн шийдвэр гарсан. Өнөөдөр найм дахь өдрөө болчихсон. Өнөөдрийг хүртэл би УИХ-ын даргын үүрэг гүйцэтгээгүй. Даргын дэргэдэх зөвлөлөөр Цэцийн шийдвэрийг цаг хугацаанд оруулах асуудлыг Х.Булгантуяа болон УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж нар оруулж ирэх ёстой байсан. Харамсалтай нь нэг өдрөөр хойшилсон. Өнөөдөр дэд даргыг огцруулах, сонгох асуудал орсон. Тиймээс та зарчмын зөрүүтэй санал гаргаж Байнгын хороогоор шийдвэрлүүлэх боломжтой" гэв.

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/1909567469903408