"Оюутолгой" ХХК-тай холбоотой "мөнгө угаах" хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн цагдан хориог цуцалжээ
Нийслэлийн прокурорын газраас энэ оны аравдугаар сарын 24-нд "Оюутолгой" ХХК-тай холбоотой хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорьсон юм.
Тодруулбал яллагдагч Д.Амартүвшинг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах”, яллагдагч Ц.Н-г “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нар нь “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлсэн байна.
Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 30-нд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Амартүвшинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, оршин суух хаягаас гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахыг саналыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар зэрэгтэй танилцан прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Д.Амартүвшинд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
