Ногоон автобусны гэх хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хуралдаанаар тодорхой хугацаанд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хэрэгт авагдсан шийдвэр үйл ажиллагааг хянажээ.
Улмаар Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэсэн шийдвэрийг Даргалагч шүүгч танилцуулав.
Шийтгэх тогтоолын гурав дахь заалтад дараах өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэснийг танилцуулсан юм.
Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял гэснийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч н.Түмэнжаргал, н.Баярсүх нарыг Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу нийтийн албанд ажиллах эрхийг нэг жил хасаж, зургаан сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар
Шүүгдэгч н.Мөнхболд, н.Баярмаа, н.Хадбаатар, н.Дөлгөөн, н.Цогтбадрах нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нэг жил хасаж, тус бүрд нь зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял
Дээрх байдлаар шүүх шийдвэрлэснийг танилцууллаа.
Даргалагч шүүгч үргэлжлүүлэн хэлэхдээ "Шүүгдэгч А.Ганхуяг, н.Жавхлантбаатар нар Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 204 хоногийн хугацаанд хоригдсон байна. Энэ хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж шийдвэрлэж явна" гэв.
Шүүгч н.Болортуяа нэмэлт тайлбар өгөхдөө "Прокуророос залилах гэмт хэрэгт нэр бүхий Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/, н.Эрдэнэбаатар нарыг үйлдэл оролцоо байна гэсэн агуулгаар эсэргүүцэл бичигдсэн.
Солонгосчууд байгаа учир тайлбарлах нь зүйтэй байх.
Евро-5 наалт, зарим төхөөрөмж суурилуулахтай холбоотой асуудал, энэ үйлдлийг А.Ганхуяг ганцаараа хийгээгүй. Хэргийн нөхцөл байдлаар яллагдагчаар татагдсан этгээдүүд тухайн үйлдэлд оролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдсон гэж Давж заалдах шатны шүүх үзсэн.
Гэхдээ Евро-5 наалт наагаад байгаа, банк суурилуулаад байгаа асуудал нь өөрөө залилах гэмт хэргийн үндсэн шинж буюу субъектив болон объектив талын шинжийг хангаагүй байна гэх үндэслэл гаргасан гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна" гэлээ.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!