Томуу, томуу төст өвчин идэвхжлийн үедээ байна.
Иймд томуу, томуу төст өвчний халдвар авсан 0-6 настай хүүхдийн аав ээж, эмээ өвөөгийн аль нэг нь хэрэв төрийн ажил хийж байгаа бол тав хоног цалинтай чөлөө өгөх Засгийн газрын шийдвэр гарсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр танилцуулав.
Харин хувийн хэвшлийн байгууллагуудад хандан хүүхэд нь өвдсөн ажилтандаа цалинтай чөлөө олгох уриалгыг Засгийн газар гаргав.
Сайд Ж.Чинбүрэн "Ханиад хүрсэн хүүхдэд асаргаа маш чухал. Хамрын битүүг арилгах, хоол унд сайтай байлгах, даруулахгүй байлгаснаар цаашид хатгаа болж хүндрэхгүй байх магадлал өндөр. Энэ жил 300,000 тун вакцин хийх зорилтоо 97 хувь биелүүлсэн. Ирэх жилүүдэд вакцины захиалгаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хамрагдалт өндөр байна" гэлээ.
Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархвар судлалын 30 дугаар долоо хоногоос эхлэн нэмэгдэж, 38-39 дүгээр долоо хоног буюу есдүгээр сарын сүүлийн долоо хоногт идэвхжлийн түвшинд шилжиж, оргил үе нь арванхоёрдугаар сарын дунд үе, нэгдүгээр сарын эхээр тохиодог.
Томуу, томуу төст өвчний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бусад насны бүлэгтэй харьцуулахад тав хүртэлх насны хүүхдэд өндөр байдаг. Уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн тав хүртэлх насны хүүхдийн 5 хувь нь улирлын томуугийн вирусийн, 20 хувь нь амьсгалын замын синцитиаль вирусийн шалтгаант хатгаагаар өвдсөн байдаг болохыг олон улсын судалгаагаар нотолсон байдаг. Манай улсад хийсэн томуу, томуу төст өвчний хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтын судалгаагаар жил бүр 5 хүртэлх насны 530-4,547 хүүхэд (100,000 хүүхдэд ногдох) томуугийн шалтгаант амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.
Бага насны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 3-5 хоногийн хугацаанд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй, эдгэрэх дундаж хугацаа нь 11.7 хоног байдаг. Иймд томуу, томуу төст өвчний эхэн үед эцэг, эх, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгосноор хүүхдийг гэрээр асрах боломж бүрдэж, хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах боломжтой юм гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!