Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ.
Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, объектуудыг нь лацдан битүүмжилсэн байна.
Бортээгийн уурхай 424 сая коксжих нүүрсний нөөцтэй. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосныг 2023 оны арванхоёрдугаар сард болсон нүүрсний сонсголын үеэр баримтаар ил болгож байсан юм.
Улмаар эл хэргийг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд төрийн эрх мэдэлтэн албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоож, битүүмжлээд байгаа аж.
Ташрамт дурдахад, уг хэрэгт холбогдуулж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий Даваа гарагт мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
