Ж.Батжаргал: Бүлгийн даргын тамгаа аваагүй байгаа. Би тэрэнд яарахгүй байна
Ж.Батжаргал даргатай МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар танилцууллаа.
Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын хоёр бүлэг үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ойлголт олон нийтийн дунд байгаа. Учир нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргатай бүлэг үйл ажиллагаа явуулж байтал улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэр бүхий 38 гишүүн ээлжит бусаар бүлгийн хурлыг зарлаж хуралдуулж Ж.Бат-Эрдэнийг огцруулан Ж.Батжаргалыг даргаараа сонгож буйгаа мэдэгдсэн. Харин огцруулсан гэх Ж.Бат-Эрдэнэ дарга дээрх явдлыг хууль бус хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл өнөөдрийн мэдээллийн үеэр бүлгийн даргаа хэзээ албажуулах болоод УИХ-ын даргыг хэзээ томилохыг сэтгүүлч тодрууллаа. Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх эсэхийг асуув.
Үүнд Ж.Батжаргал “Бүлэг бол УИХ-ын өөрийнх нь бүтцийн байгууллага юм. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хууль, бүлгийн өөрийнх нь дүрмээр асуудал зохицуулагдаж байгаа. Олонхоороо асуудлыг шийдээд явж байгаа бол тэр нь хүчин төгөлдөр байх зохицуулалтыг УИХ-ын холбогдох хууль тогтоомжуудад хийсэн байгаа.
Бүлгийн гаргасан шийдвэрийг УИХ-ын дарга уншиж сонсгосноор албаждаг байсныг Их хурлын удирдлагад бүлгийн олонх асуудлаа албан ёсоор өгсөн бол албажсанд тооцдог болсон.
Өнөөдрийн хурал 35 гишүүн бүлгийнхнээ хуралд оролцсон. Цаашид бүлгээ бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулах тал дээр тодорхой санаачилга гаргаж ажиллаж байгаа. Бүлгийн даргын тамга тэмдгийг би аваагүй байгаа. Би тэрэнд яарахгүй байна.
УИХ-ын даргын тухайд намын Удирдах зөвлөл, бүлэг дээр яригдаад Их хурлын чуулган руу орно.
Ерөнхийлөгчийн хоригийн тухайд хэлэлцэх цаг хугацаатай. Энэ дагуу хэлэлцэх байх гэж ойлгож байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригтой яг адил асуудлыг Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргасан. Тэгэхээр үүнийг хэлэлцэх үү үгүй юу гэдгийг судалж үзэх шаардлага байгаа" гэдэг тайлбар өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
