УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг авлигын гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Өлзийсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд мөрдөх байгууллагаас эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2, 22.10.3, 22.4 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай ирүүлсэн.
Прокурорын байгууллагаас хэргийг хянаад УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2, 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.3-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-д заасан их хэмжээний хахууль авах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.
Уг хэргийг хянаж үзээд өнгөрсөн долоо хоногт мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагаас санал гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Одоогоор мөрдөн шалгах байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх санал ирүүлээгүй байна" гэв.
Эрүүгийн хууль: ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!