ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аубакир: Төсвийн байнгын хорооныхон багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгө рүү орохоос өөр аргагүй гэж байна. Би хасуулахгүй гэсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялт үргэлжилж байна.

Засгийн газраас цалин багш нарын цалинг нэмэх асуудалд ямар байр суурьтай байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Яг одоо Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд хуралдаж байна. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг 15-20 хувиар нэмэхийн тулд эх үүсвэрийг нь хаанаас гаргах боломжтой талаар судалж байна. Хүүхдийн мөнгөний асуудал ч яригдаж байгаа. Цалин нэмэхтэй холбоотой нэлээн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Багш, эмч нар жагсаал хийгээд цалингаа нэмүүлчихдэг юм байна бусад төрийн албан хаагчид яах вэ гэдэг асуудал үүссэн. Төрийн үйлчилгээний албан хаагчид, байгаль хамгаалагчид энэ асуудлыг илэрхийлж байна.

Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд тус байнгын хорооныхон хуралдаж байгаа. Тэнд хүүхдийн мөнгөнөөс хасах санал яригдсан. Би үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарлаа. Гэхдээ хүүхдийн мөнгө рүү орохоос өөр аргагүй боллоо гэж байнгын хорооныхон ярьж байна.

2026 онд 1,351,0 мянгын хүүхэдтэй байна гэж тооцоод 1.5 их наяд төгрөг төсөвлөсөн. Яагаад илүү төсөвлөсөн гэхээр хүүхэд эндэх тохиолдол байдаг учраас нэмэх, хасах 10 хувь байдаг.

Нийгмийн даатгалын сан руу ч орж байна. Энэ сан маань өөрөө улсаас татаастай явдаг. 2025 онд 1.4 их наяд байсан бол 2026 онд 2 их наядын татаас улсаас авч байгаа.

Хүүхдийн мөнгийг хасах тухайд тал талаасаа ярилцаж байгаа хэрэг. Эцсийн шийдийг гаргаагүй байна.

Урсгал зардал буюу цай кофе, бичиг цаасны зардлаас хэмнээд хэмнээд 100 тэрбумаас хэтрэхгүй. Гэтэл одоо 2-3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байгаа" гэв.