Уншиж байна ...

Монголд нийлүүлэх шатахууны үйлдвэрлэл, ачилт ирэх долоо хоногт эхэлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл өчигдөр БНХАУ-ын Бээжин хотноо Петрочайна интернэшнл компанийн дэд ерөнхийлөгч Wang Xin тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, Зөвлөх н.Сүнжидмаа нар оролцов.

Монголын талаас Петрочайна интернэшнл компаниас худалдан авах шатахууны нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, эхний ээлжид аравдугаар сард захиалсан АИ-92 автобензины үйлдвэрлэл, ачилт тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад анхаарч, манай улсад тулгараад буй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж ажиллах, цаашид хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, сар бүр нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээг тохирох, үнэ тооцох нэгдсэн томьёололтой болох, урт хугацааны гэрээ байгуулах талаар санал тавьж хэлэлцлээ.
Хятадын талаас Петрочайна интернэшнл компани нь Монголын ААН-үүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд манай хоёр улс найрсаг харилцаатай хөрш орнууд, Монголын зах зээл бидний хувьд чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгов.

Үргэлжлүүлэн Монголын компаниуд аравдугаар сард эхлээд 6,900 тн, нэмэлтээр 7,600 тн, нийт 15,500 тонн АИ-92 автобензин захиалаад байгаа.

Үүний 2,000 тонныг үйлдвэрлэж ачихад бэлэн болсон ба экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачилтын зохион байгуулж, экспортолж эхэлнэ.

Үлдсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа ба арваннэгдүгээр сарын эхнээс нийлүүлээд явна гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн БНХАУ-ын талаас Монгол Улсын хэрэглээ, захиалгын дагуу шатахуун нийлүүлэх боломжтой хэдий ч энэ үйл ажиллагаанд төмөр замын тээвэрлэлт, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

Иймд тээвэрлэлтэй холбоотой асуудлыг хоёр тал хамтран, Засгийн газрын түвшинд нэг мөр шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэ талаар компани хүчин чармайлт гаргаж ажиллана, Монголын талаас мөн энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

 

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгын Яам