Б.Баярбаатар: ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцээд, хүлээж авах эсэхээ шийднэ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад буй.
Үүнтэй холбогдуулан ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Баярбаатар гишүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Цэцийн хуралдаанд хүч түрсэн байдал ажиглагдсан. Жишээ нь, П.Сайнзориг гишүүнийг УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байхад хүчээр гэрч болгосон нь мэтгэлцээний зарчмаас ухраасан. Мөн хуралдааны эхлэлийг шууд дамжуулаад хаалттай хэлбэр рүү шилжсэн.
Гол нь Их суудлын хуралдаанаар хоёр асуудлыг нэгтгэж хэлэлцсэн.
Х.Булгантуяа дэд даргатай холбоотой гомдлыг цэц Их суудлыг хуралдаанаараа хэлэлцээд шийдвэр гаргана. Шийдвэрийг нь УИХ хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг байдлаар хэлэлцэнэ. Хүлээн зөвшөөрөөгүй бол энэ сэдэв хаагдана.
Нөгөө асуудал нь УИХ-ын 95 дугаар тогтоол. Үүнийг заавал Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гаргасан тогтоолыг нь УИХ хэлэлцээд хүлээн аваагүй тохиолдолд Их суудлаар хэлэлцэнэ. Тэндээс гаргасан тогтоол нь эцсийн байх ёстой.
Хэрэв өчигдрийн Их суудлын хуралдаанаас тогтоол гаргасан бол цэц өөрөө хуулиа зөрчих байсан. Тиймээс Их суудлын хуралдаанаар анхан шатны журмаар тогтоолын асуудлыг хэлэлцсэн юм байна гэж ойлгосон. Ингээд цэцээс дүгнэлт гаргасан.
Энэхүү дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Дүгнэлтийг хүлээн авахгүй гэдэг шийдвэр гаргавал цэц дахин Их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр буюу тогтоол гаргана. Цэцийн тогтоол, дүгнэлт тусдаа. Тогтоол нь эцсийнх, дүгнэлт эцсийн шийдвэр биш.
Өчигдрийн хуралдаанаас ҮХЦ тогтоол гаргах ямар ч боломжгүй байсан. Учир нь тогтоол гаргахын тулд заавал Дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн байх ёстой. Дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг асуудлыг ярих ёстой.
Өчигдөр цэцийн Их суудлын хуралдаанаар Х.Булгантуяа гэдэг албан тушаалтантай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Нөгөө талдаа Их суудлын хуралдаанаар анхан шатны журмаар УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж, дүгнэлт үйлдсэн байна гэж ойлгогдож байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
