ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хишигдалай: Шатахууны нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-нд түлш шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, УБТЗ импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ойрын өдрүүдэд Засгийн газар, АҮЭБЯ нь ОХУ болон БНХАУ-тай дээд түвшинд нягт холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд бид тээвэр логистик болон ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд шуурхай зохион байгуулалт хийж буйг онцлов.

Мөн АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт “Роснефт” компанитай уулзсан. Тус компаниас энэ сарын 15-ны өдрөөс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар дууссан болохыг мэдээлсэн.

Өнгөрсөн хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ удаа дараа ярилцаж татан авалтыг хийлгэж байгаа. Бидний тооцооллоор бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ” гэдгийг онцлов.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Бид бүхэн хоёр чиглэлд ажиллана, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хангах, импортлогч компаниудын тулгамдсан асуудлууд болон татан авалтын нэмэгдүүлэхэд анхаарч байна. УБТЗ шуурхай ажиллаж байгаа. Мөн Гаалийн ерөнхий газар үйл ажиллагааг хөнгөвчилж ажиллаж байгаа. Иймд бүх талууд ажлаа шуурхайлж, бэлэн байдлаа хангах нь чухал байна" гэв.

зураг
 

"Ойрын жилдээ багтан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно"

Уулзалтын төгсгөлд, сайд Г.Дамдинням “Өчигдөр Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэл гарсан. Нэгдүгээрт ирэх онд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас өгч, улсын нийт хэрэглээний нэг сарын хэрэглээг хангах сав барьж, байгуулах ажлыг зохион байгуулна. Мөн нөөц нэмэгдүүлэх асуудалд ч дэмжлэг үзүүлнэ.

Ойрын жилдээ багтаан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн ТЦА болон ГЕГ, Нийтийн тээврийн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг өгч, цаашид АҮЭБЯ-тай хамтран нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд шуурхай ажиллахаар боллоо.

 

Эх сурвалж: Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам