Уншиж байна ...

С.Бямбацогт: Оюутолгой төслийн үр өгөөжийн 25% нь Монголын талд, 75% нь Рио Тинто компанид ногдож байгаа. Үүнийг нэн яаралтай өөрчилнө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өрнөж байна. 

Энэ үеэр Оюутолгой төслийн гэрээний хэлэлцээрийн ажлын явц ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Засгийн газар дээр Оюутолгой төслийн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан гэж сонссон. УИХ дээр Оюутолгойн гэрээний асуудлаар түр хороо байгуулагдаж, 2-3 удаа хуралдсан боловч Рио Тинто компанийн төлөөлөл ирээгүй. Өнөөдөр бид багш, эмчийн цалинг нэмье гэж байна. 

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ямар хэмжээнд ажиллаж байгаа вэ. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ анх байгуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар АМНАТ-ийг тогтворжуулж авахаар тохирсон.

Гэрээ гэдэг хоёр талаас зөвшилцөж өөрчилж болдог. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар бол тусгай АМНАТ төлөх ёстой. Хуулийн хэрэгжилтийг хангаж Оюутолгойн гэрээнд тусгай АМНАТ төлөх өөрчлөлтийг оруулж ирвэл татвар төлөгчдийн мөнгийг зулгаахгүйгээр төсвөө тэлэх боломжтой. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Монголчууд бид нэг эх оронтой, нэгдмэл эрх ашигтай. Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газар нэг цонхоор харж ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээний зээлийн хүү менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалсан. 

Лондоны арбитрын шүүх дээр гарсан маргаантай холбоотой асуудлыг Хууль зүйн дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ахалж байгаа. Онтре компанитай холбоотой ажлын хэсгийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалсан. Ажил эрчимтэй явж байгаа, ойрын үед Рио Тинто компанитай хэлэлцээр хийх ажлын төлөвлөгөө батална. Рио Тинто компаниас хэлэлцээрт оролцохоо албан бичгээр мэдэгдсэн. 

Анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулснаас 16 жил нь өнгөрсөн. Тухайн үед манай улсын эдийн засаг нэлээд хүндрэлтэй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл эдийн засаг томоохон тэлэлт бий болох байсан учраас гэрээг байгуулахад идэвхтэй ажилласан. Тиймээс тухайн үеийн Засгийн газар туршлага дутаад алдсан талууд байгаа. 2009 онд ярьж байхад төслийн үр өгөөжийг 57 хувь нь Монголын талд, 43 хувь гадаадын хөрөнгө оруулагчид ногдоно гэж ярьж байсан.

Өнөөдөр бодит байдал дээр 25 хувь нь Монголын талд, 75 хувь нь Рио Тинто компанид ногдож байгаа. Зээлийн хүү өндөр, менежментийн зургаан хувийн төлбөрийг үр дүнгээс авдаг бус зардлаас авч байгаа. Энэ бүхнийг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй. 2025 он дуусчихвал яах вэ гэж санаа зовохгүйгээр хэлэлцэл хийж байгаа бол Монгол Улсын хууль үйлчлэх ёстой. 

Төсөв дагуулаад Тавантолгойн бүлэг ордын үлдсэн нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, цалин тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг гаргаж ирэх бололцоо боломж бүрдэх болов уу гэсэн үүднээс өргөн барьсан.