Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг Улсын Их Хурал(УИХ)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчээр оролцож буй УИХ-ын гишүүд орхин гарлаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хэтэрхий нэг талыг барьж, хууль зөрчиж байна. Үндсэндээ Засгийн газар нь УИХ-аа шүүхэд өгчихсөн гэсэн үг. Гэтэл Засгийн газрын гишүүд нь, тухайлбал С.Бямбацогт сайд утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Чи энд сууж болохгүй тэнд суу гээд хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд байх юм. Дуугарч болно болохгүй гээд зандраад байна. Энэ чинь юу гэсэн үг вэ, Засгийн газар нь УИХ-ын дээр гарснаа бүр Цэцийнхээ дээр гараад сүүлдээ их суудлын хуралдаанд хэн юу хэлэх, хаана суухыг заагаад байж болохгүй. Энэ бол маш ойлгомжтой, Засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гарах юм байна. Цэц бол хууль дээдлэх шударга ёсны оргил гэж итгэж ирсэн. Гэтэл анхнаасаа өөрсдөө хуулиа зөрчөөд, тавьсан хууль зүйн шаардлагыг хүлээн авахгүй хүч түрээд байна. Ямар шийдвэр гарах нь ойлгомжтой учраас энд суугаад байх шалтгаан зорилго алга" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Засгийн газрыг огцруулсан шийдвэр эцэслэгдээгүй байхад дуулианаар хэрэг үүсгээд, эцэслэгдээгүй байхад өнөөдөр ҮХЦ хуралдаж байна. Цэцийг Үндсэн хуулиа битгий зөрчөөсэй гэсэн агуулгаар хандсан ч хүсэлтийг хүлээн авсангүй. Үндсэн хуулийн 43.1 дээр Ерөнхий сайдыг огцруулах гэдэг асуултаар санал хураалт явсангүй гээд байгаа. Энэ асуудлаар л санал хураалт явуулаад Ерөнхий сайд огцорсон байж таараа шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт яваад огцруулсан. Энэ бол маргалдах асуудал биш. Мөн Байнгын хороон дээр санал хураахыг эсэргүүцээд байгаа. Үгүй. УИХ чуулганы хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Чуулган гэдэг нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдаан, бүлгийн хуралдаан зэрэг багтдаг. Ямар нэг маргаантай зүйл байхгүй.
ҮХЦ-ийг битгий хууль зөрч гэж байгаа. ҮХЦ-ийг УИХ томилсон. Хэрэв эд нар Үндсэн хуулиа зөрчвөл бид нарт хариуцлага ярих бүрэн эрх нь бий. Тиймээс Үндсэн хуулиа зөрчвөл зарим гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ярина. Цэц Үндсэн хуулийн манаач байх ёстой. Илгээсэн байгууллага нь буцааж татдаг" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг "УИХ-аас байгуулагддаг, томилогддог Ерөнхий сайд буюу УИХ-аар хүлээн зөвшөөрөгдөж бүрэн эрх нь хэрэгжих бололцоотой Засгийн газар нь УИХ руугаа халдан довтолж байгаа нь харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийн хууль бусаар авах оролдлогыг бусад институцтэй хамтран хүч түрэн хийж байна.
40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдэл хийж, төрийн хямрал цаашдаа улс төрийн тогтворгүй байдал болон Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу авч орлоо" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!