Уншиж байна ...

Толгойт дэд төвийг 21 мянга, Баянхошууг 30 мянган хүн амтай байхаар тооцоолжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Толгойт дэд төв төслийг Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа бөгөөд 133.3 га талбайд бүтээн байгуулалт хийх юм байна. Тус дэд төвийг 21,105 хүн амтай байхаар тооцож, 5,276 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.

Нийслэл хотын дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дараах танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Толгойт дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвийн сургалтын төвийг ашиглалтад оруулаад байгаа бол 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 61 хувь, тохижилтын ажил 15 хувьтай үргэлжилж байна.

Тус дэд төвийн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн явц:

  • 6.5 километр авто замын ажил 20%
  • 6.8 километр дулааны шугам татах ажил 27%
  • 8.9 километр цэвэр усны шугам татах ажил 58%
  • 10.8 километр ариутгах татуургын шугам татах ажил 16%
  • 5.9 километр үерийн хамгаалалтын суваг барих ажил 98%-тай үргэлжилж байна.

Дамбадаржаа дэд төв төслийг Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй. Тус дэд төвд 1,973 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 72 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал 63 МВт хүчин чадалтай дулааны станцын ажил 39 хувь, мэдээлэл холбооны барилга угсралт 90 хувь, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт 95 хувьтай үргэлжилж байна.

  • Хөрсний ус зайлуулах ажил 80 хувь
  • Цэвэр усны 2.3 км шугам татах ажил 98 хувь
  • Ариутгах татуургын шугам татах ажил 98 хувь
  • 2.8 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна. 

Баянхошуу дэд төв төсөл Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30,000 орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6,463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Мөн үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Тус дэд төвд 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай үргэлжилж байна.

  • 650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
  • Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
  • 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
  • Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувьтай үргэлжилж байна.