Уншиж байна ...

УИХ-ын даргын өөрийн хүсэлтээр огцрох өргөдлийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар болов

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдлаа. 

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл товч мэдээлэл өгөв. Түүний мэдээлснээр өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг оруулахаар болжээ. Ингэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө гаргасан бөгөөд яг энэ томьёоллоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байгаа аж. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсанаар Төрийн байгуулалтын байнгын хороо одоо хуралдахаар болж байгаа юм байна. 



УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан огцрох өргөдөл гаргасан талаараа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Миний бие төрийн ажлыг гацаахгүй, Үндсэн хуулийн хямралд оруулахгүйн тулд хувийн шийдвэр гаргаж, өргөдлөө УИХ-д өглөө. Өргөдлийг маань УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалт оруулсан. Ингээд байнгын хорооны гишүүд өргөдлийг маань дэмжсэн.

Улс төр нэг өдөр хаалга нээгдэх, нөгөө өдөр хаалга хаагддаг гэхээсээ илүү цэвэр тунгалаг, шударга байх ёстой.

МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим нөхөд маань намын дүрмийг үгүйсгэж, УИХ-ын тухай хуулийг зөрчиж, гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээллийг төлбөр төлөн байршуулж, түүнийгээ эх сурвалж болгон гүтгэн харлуулснаа Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр нотолсон.

Засгийн газар нь парламентынхаа дээр гарч байгаа хууль бус явдал болж байна. Энэ үед надад албан тушаалтай зууралдах суух эрх алга.

Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно” гэв.