Уншиж байна ...

Д.Батлут: Английн хөлбөмбөгийн багийн хувцас авч өгнө гээд "Эрдэнэс Оюутолгой"-оос ₮23 тэрбум гаргачихсан байх шиг, ямар баян юм бэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөө өглөөний хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, 86.4 хувь нь татгалзсан билээ. 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Эрдэнэс Оюутолгой" компаниас их хэмжээний мөнгө авсан талаар мэдэгдэл хийв. 

Тэрбээр "Сүүлийн хэд хоног бид булайгаа дэлгэж байна. Нэг нь төрийн мөнгөнөөс хумсалж аваад нөгөөгөө гаднын хэвлэлд өгч бичүүлдэг байх жишээний. Өнгөн дээрээ шударга дүртэй хүмүүс, яг начир дээрээ юу ч байхгүй. 

Оюутолгойн гэрээг сайжруулъя, Монголын ард түмэн ашиг шим хүртдэг байя гэж дарцагласан нөхөд байгаа. Гэтэл хэдэн арван саяар нь Оюу толгойгоос мөнгө аваад Монголоо сурталчлах нэрийдлээр гаднынханд өгөөд мөнгө угаасан баримтууд гарч ирлээ. Үүнийг авлига авсан гэж хэлэхгүй юу гэж хэлэх вэ. 

Студиэ хэдэн сая ам.доллароор тоноглоод хаячихсан. Үүний дараа Оюу толгой төслийг сайжруулах ард түмэн өгөөжтэй болгоё гэж ярьж чадах юм бэ. Долоон тэрбум төгрөг Эрдэнэс Оюутолгойгоос аваад студиэ шинэчлээд янзалчихсан байх шиг. 

Английн хөлбөмбөгийн багийн хувцас хэрэглэл авч өгнө гээд 23 тэрбум төгрөг гаргачихсан байх шиг ямар баян юм бэ. Монголын хөлбөмбөгийн баг ямар байгааг мэдэж байгаа юу. Ийм арчаагүй үйлдэл хийж байгаа нь үнэхээр гутамшигтай. Иймэрхүү зүйл хийж явахаа болимоор байна. Хүний мэдэх эрхийг хязгаарлахгүй УИХ-аар сонсгол хийж явдаг нь авууштай.

УИХ-ын 67 гишүүн УИХ-ын даргыг та нүүрсний асуудалд холбогдоод байна шалгуул гэдэг байдлаар шаардлага хүргүүлсэн. Гэтэл нөгөөдөх нь гишүүдэд өнгөтөөр хэвлэсэн юм өгсөн. Статистикаас лавлагаа авчихсан. Мэдээж хэрэг өөрийнх нь нэр орсон мэдээлэл түүнд яаж байх юм бэ. 

Админерал компани Бортээгийн уурхайг 100 хувь зарж борлуулахаар гэрээ хийчихсэн байгаа. Тавантолгой дээр 35 га газар авчихсан. Админерал компанийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын даргын туслахтай, гэр бүлийнхэнтэй нэгдмэл сонирхолтой компани эзэмшиж байгаа. Гүйцэтгэх захирал нь УИХ-ын даргын ахынх нь хүүхэдтэй нэг компани хамтран эзэмшиж байгаа" гэв.

Энэ үеэр Соёлын сайд асан Ч.Номин микрофонгүй ч гэсэн Батлан хамгаалахын сайд руу орилж байгаа нь сонсогдов.

видео:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/25435193749398770