Уншиж байна ...

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлыг хамтад нь орж ирсэн үед АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдэж, огцруулна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улс эмх замбараагүй байдлын босго дээр зогсож байна. Үндсэн хуулийн хямралын босго дээр зогсож байна. Энэ хаанаас эхлээд яагаад ийм нөхцөл байдал үүсэв. Ард түмэн, төрөө хямралаас гаргана, түмнээ ядуурлаас аварна гэсэн улс төрийн хүчин завсаргүй засагласаар олон жил боллоо. Өнөөдөр түмний ядуурал улам даамжирлаа.

Олон жил завсаргүй засагласан улс төрийн хүчин худал хулгайгаа нууж, хаалганы ард хэлэлцэж явахаар ийм зүйл болдог юм байна. Загас толгойгоосоо эхэлж өтдөг гэдэг үлгэр энд оршиж байна. 

Ардчилсан Намын бүлгийн зүгээс өнгөрсөн цаг хугацаанд зарчмын байр суурийг байнга тодорхой илэрхийлж ирсэн. Өнөөдөр энд ямар гарц гаргалгаа байгаа вэ. Үндсэн хуулийн хямрал руу ороход цагаар тоологдож эхэлж байна. Магадгүй парламентын засаглалын асуудал үүний цаана ярихыг үгүйсгэхгүй нөхцөл байдалд орж байна. Эрх баригчид энэ зүйл рүү санаатай хөтөллөө гэж үзэж байна.

Би Ардчилсан Намын даргын хувьд чуулган эхлэхээр завсарлага авч бүлэгтээ санал дэвшүүлнэ. Өмнөх хурлын шийдвэрээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ир, өнөөдрийн зохиомлоор Үндсэн хуулийн хямрал руу түлхэж буй хоёр хүний асуудлыг нэг өдрийн дотор зэрэгцүүлэн шийдэх ёстой. Ингэхгүйгээр энэ байдал засагдахгүй гэж үзсэн. Тиймээс хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн шаардлагаа нэхэж байна. 

Хамтад нь орж ирсэн үед Ардчилсан Намын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдэж, огцруулж Монгол Улсыг хямралт нөхцөл байдлын гаргах ёстой гэсэн саналаа танилцуулна.

Одоо УИХ-ын даргын өрөөнд очиж, даргын дэргэдэх зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ирж, өнөөдөртөө шийдэж дуусах ёстой" гэв.