С.Бямбацогт: Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томьёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг унагаах гэж байна
Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, 86.4 хувь нь татгалзсан.
Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй талаар хэвлэлийн хурал зохиож, мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газрыг огцруулахаар газрын үсэг зурсан гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон. Гуравхан гишүүн огцруулъя, 19 гишүүн огцруулахгүй гэж гэнэт санал өглөө. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдаан даргалж буй Х.Булгантуяатай уулзаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томьёоллоор санал хураах вэ" гэж асуухад Байнгын хорооноос гаргасан саналаар гэж ярилаа.
Үндсэн хууль зөрчиж Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Үндсэн хуулийн 43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол огцрох ёстой. Хоёрдугаарт уг саналыг гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулах ёстой.
УИХ-ын дэгийн тухай хуульд 101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна. 101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй гэж заасан байдаг.
Байнгын хороонд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томьёоллоор санал хураалгаж, УИХ-ын гишүүдийн хуультай танилцах боломжийг хааж байгаад Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг унагаах үйлдэл хийх гэж байна. Байнгын хорооны томьёолол буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэдэг санал хураалт явагдвал дээрх хууль зөрчигдөнө.
Үндсэн хууль зөрчиж санал хураалт явагдвал Ерөнхийлөгч хориг тавих нөхцөл бүрдэнэ. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Цэцэд маргаан үүснэ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: 2016 оноос хойш парламентын гишүүнээр ажиллахдаа ийм увайгүй үйлдлийг анх удаа харж байна. Саяхан Засгийн газрыг огцруулъя гэж байсан УИХ-ын гишүүд гэнэтхэн манай Засгийн газарт хайр зарлаж, өнөөдөр огцруулахыг дэмжихгүй гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд санал өглөө.
Дэмжээгүй саналыг дэмжээгүй гэдэг хууль зөрчсөн санал хураалт явуулж 64 гишүүний босгыг давахгүй бол Засгийн газар огцорсон гэдэг шийдвэр гаргахаар ажиллаж байна. Энэ бол увайгүй үйлдэл. Аливаа зүйл хэмжээ хязгаараа давдаг. Эх орноо хайрлах сэтгэлтэй бай гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлмээр байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар бол нүүрсний хулгай, авлига ашиг сонирхолтой тэмцэх, багш эмч нарын цалин хөлсийг нэмэхээр 100 гаруй хоногийн хугацаанд ажилласан.
Үндсэн хуулийн бус замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийхтэй УИХ-ын гишүүд эвлэрэхгүй. Тиймээс Х.Булгантуяа даргад шаардлага хүргүүлнэ.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрыг огцруулах асуудал Үндсэн хуулийн тусгай дэгээр явдаг. Тэр дэгийн дагуу УИХ дээр Засгийн газрыг огцруулах томьёоллоор санал хураах хүртэл бидний хэсэг нөхөд УИХ-ын ирцэд орохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
