Уншиж байна ...

ЭМЧ НАР: 10 гаруй жил суралцаж, нарийн мэргэжил эзэмшсэн ч үр хүүхдээ баярлуулах бүү хэл, өдрийн хоол авч хүрэхгүй шахам ЦАЛИНТАЙ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, суулт зарлахаа илэрхийллээ. 

Тэдний зүгээс "Нормын хувцас ноорхой боллоо", "Хөдөлмөрийн үнэлэмжийг бодит болгоё", "Эмнэлгийн ажилчид ард иргэдийнхээ төлөө ажилласаар өөрсдийнх нь амьдрал туйлдаж байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байв. 

Хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахын тулд 10 гаруй жил тасралтгүй суралцаж байж өндөр нарийн мэргэжил эзэмшдэг.

Ингэж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад өнөөдөр үр хүүхдээ баярлуулах байтугай өдрийн хоолныхоо мөнгийг олж чадахгүй шахам цалин авч байгаа тухайгаа тэд хэлж байв. 

Иймд эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувь нэмэгдүүлэх бус 3.5 сая болгохыг дахин шаардаж өнөөдөр, маргааш Төв талбайд суулт зарлана гэлээ.

Хэрэв асуудалд дорвитой шийдэл олохгүй бол ирэх долоо хоногоос эмч ажилчид суултаа үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдлээ. 

Энэ талаар Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр нөхцөл байдлыг хэлэхдээ "Эмнэлгүүд бараг тэг зогсолт хийхэд хүрч байгаа. Хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөг түүнээс дээш 6, 7 тэрбум төгрөгийн өртэй эмнэлгүүд байна.

Эмч нарын зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэхээр эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдолтой, ариутгалын бээлий нь хүртэл олдохгүй ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа. 

Бид аравдугаар сарын 9-нд улс орон даяар “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулж, шаардлагаа өгсөн.

Гэвч Ерөнхий сайд бидэнтэй уулзахдаа “Та нар ажлын хэсэг гарга. Ямар боломж байна гэдгийг судал” гэсэн. Бид судалгаа хийх ёстой хүмүүс биш шүү дээ. 

Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлсийг авах ёстой хүмүүс болохоос биш төрийн хийх ёстой ажлыг хийж, судлаад явж байх ёсгүй.

Чухам хаана нь алдаа дутагдал байна вэ?, Ямар эмнэлгүүд завхрал гаргаад байгаа юм бэ? гэдгийг олж, урсгаад байгаа зардлуудыг нь хэмнээд эмч, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа.

Түүнээс биш эмч ажилтнууд өнөөдөр улс төржиж жагсаал цуглаан, суултыг зарлаагүй" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Бид салбарын нэмэлт хэлэлцээний төсөл дээр өчигдөр ажилласан. Энэ үеэр эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг хамгийн эхэнд тавьсан. 

Салбарын сайдын зүгээс эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувь л нэмэх боломжтой гэсэн саналыг ярилаа. Нийт эмч ажилтны итгэл, сэтгэлийг алдахгүйн тулд тус хэлэлцээний хурлыг хаяж гарсан.

Төр засгаас эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг нэмэхгүй бол тэмцлийн дараа дараагийн арга хэмжээг авах гэж байна.

Сүхбаатарын талбайд “Улсын төсвийг эргүүлэн тат”, "Салбарын эмч ажилчдын цалинг 3.5 саяд хүргэ" гэсэн шаардлагыг тавьж, хоёр өдөр суулт зарлана.

Үнэхээр өргөсөн тангарагтаа үнэнч гэж зүтгэж явсаар өөрсдийгөө хөсөр хаяж, хөдөлмөрийн үнэлэмжээ уландаа гишгэсэн ажилтай гуйлгачид болсон байна.

Иймд хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хүртэл тэмцлийг зогсоохгүй. Дөрвөн ам бүлтэй хоёулаа эмч мэргэжилтэй хүмүүс уйлаад ярьж байна. Цалингийн зээлтэй, ипотекийн зээлтэй, 2-3 аппликэйшний зээлтэй амьдарч байна. 

Зээлээ төлж чадахгүй, үр хүүхдэдээ талхыг нь авч өгч чадахгүйд хүрчээ. Энэ мэргэжлийг яах гэж эзэмшсэн юм бэ гээд халаглаад уйлж байна.

Үндсэн цалин нь 1.2 сая төгрөгөөс эхэлнэ. Олон жил ажилласан хүний үндсэн цалин 1.8 сая төгрөг байгаа шүү дээ. Бид цалингаа 1,000 ам.долларт хүргэхийг шаардаж байгаа.

Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол эрүүл мэндийн салбарынхан тэмцлийн дараа дараагийн арга хэмжээг хуулийн хүрээнд авна.

Бид 2021 онд тэмцэл хөдөлгөөн хийж, талбай дээр 20 гаруй хоног суулт зарласан. Гэтэл улс орны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэж тагнуулын байгууллагаас биднийг дуудсан. Ингэж улс төрждөг юм уу.

Л.Оюун-Эрдэнэ сайд байхдаа биднийг тэгж тагнуулын байгууллагад өгч шалгуулж байсан. Одоо дахиад л та нар улс төржиж байна гэнэ.

Улс төржилт, албан тушаалын алалцаан бидэнд хамаа байхгүй. Бид улс төрийн найраанд орж тэмцэл хөдөлгөөн хийдэг байгууллага ч биш" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ФОТО: