ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг санал өгсний учир

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасан. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй. Гэхдээ эдгээр 19 гишүүн дунд ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй нь олон бий. Гишүүн ирцээ бүртгүүлсэн ч санал өгөх кноп дараагүй бол эсрэг санал өгсөнд тоологддог. 

"Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад дээрх дүн гарсан. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан талынхан үнэндээ түүнийг огцруулахгүй гэдэг санал өгөөгүй. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулах гэж байгаа хэрэг. 

Тодруулбал, байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй. Уг саналыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад нийт гишүүний олонх буюу 64 гишүүн гишүүн дэмжиж байж Ерөнхий сайдыг үлдээнэ. 

Харин гишүүд ирцээ бүртгүүлсэн ч санал өгөх кнопоо дарахгүй бол эсрэг санал өгснөөр тоологдоно. Ингээд байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжээгүй гэдгээр Засгийн газрыг огцруулах нь. 

Ийм шалтгаанаар Г.Занданшатарыг дэмжигч гишүүн, сайд нар чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд орохоос татгалзаад байгаа. 

Товчхондоо, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах нөхцөл бүрдсэн учраас Г.Занданшатарын талын гишүүн, сайд нар чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэхгүй байгаа хэрэг. 

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд 1:30 цаг болж байгаа ч гишүүдийн ирц 48 хувьтай, хуралдаан даргалж буй Х.Булгантуяа дэд дарга гишүүдийг овог нэр, тойргоор нь нэр цохон дуудсаар байна.