Уншиж байна ...

"Эрчист Монгол компани ЗГ-ын тогтоолыг шууд авч хэрэгжүүлэх юм бол менежментийн компани гэж тусдаа байхын хэрэг байна уу?"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Эрчим хүчний салбарынхан энэ оны 10-р сарын 9-нд "Ажилтнаа сонсъё" зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөр тус салбарын ажилтнууд асуудлаа дотроо хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн. 

Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчист Монгол компани зэрэг холбогдох газруудыг урьсан боловч Б.Чойжилсүрэн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Эрчист Монгол компанийн захирал Г.Амартүвшин нар ирээгүй аж. 

"Б.Чойжилсүрэнг мэргэжлийн бус хүн учир сайдаар ажиллуулмааргүй байна гэх шаардлагыг тавьж байсан"

Энэ талаар Салбарын ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга А.Дагвадорж "Манай салбарын удирдлагууд ажилтнуудаа сонсохгүй маш дүлий байгаа. Өмнөх Засгийн газарт Б.Чойжилсүрэнг мэргэжлийн бус хүн учир сайдаар ажиллуулмааргүй байна гэх шаардлагыг тавьж байсан ч дараагийн Засгийн газарт ахиад л ороод ирсэн. Ямар асуудал байдгийг мэдэхгүй юм. 

Эрчим хүчний салбарын реформ гэдэг нь Үндэсний хороо, компани байгуулаад шийдэгддэг асуудал биш юм. Хууль эрхзүйн шинэчлэлээс эхлэх юм. 2001 онд батлагдаж байсан Эрчим хүчний хууль энэ салбарыг зохицуулах боломжгүй болсон. 

Эрчим хүчний салбарт хүний нөөцийн дутагдал үүсээд байна гээд байхад цомхотгол болж байна. Үйлдвэрчний эвлэлийн хороонд 50 ажилтныг цомхотгох албан бичиг хүргүүлсэн. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бөөнөөр халж байгаа зохицуулалтад хамаарна. Энэ үед цомхотголд өртөж байгаа ажилтнуудын дараагийн ажлын байр, нийгмийн хамгааллын асуудал, тэтгэмжийн талаар хэлэлцэж, гэрээ байгуулах ёстой. Гэтэл үүнээс зайлсхийж, нэг нэгээр нь дуудаж тушаалыг нь өгч байгаа нь хуулийн зөрчил юм" гэв. 

"Хүний нөөцийн асуудалд тодорхой үндэслэл, тооцоолол байх ёстой"

ДЦС 3 ТӨХК-ийн ҮЭ хорооны дарга Ш.Энхсаран "Зургаадугаар сард болсон харамсалтай явдлаас хойш гэмтлийг засварлах, өвлийн ачааллыг амжилттай давахын тулд манай хамт олон өдөр шөнөгүй илүү цагаар ажиллаж байгаа. 

Манайд онц байдал зарласантай холбоотойгоор бүрэн эрхт төлөөлөгч тавигдаж, бүтэц орон тооны өөрчлөлтийг хийж байгаа. Хэд хэдэн удаа өөрчилсөн ч албан ёсоор нэг ч удаа танилцуулдаггүй. Хүний нөөцийн асуудалд тодорхой үндэслэл, тооцоолол байх ёстой. Ажилчдаа сонсож, ил тод нээлттэй явах ёстой ч бодит байдал өөр байна. Ямар шалтгааны улмаас цомхотголд орж байгаа талаар ажилтнуудад танилцуулахгүй, тохиролцохгүйгээр гаргаж байна. Бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Хэрэгжүүлэхдээ үндэслэлтэй, шударга, ил тод байлгахыг уриалж байна" гэв. 

Энэ талаар холбооны зүгээс "Дарга даргаа цомхотгодоггүй. Жижүүр үйлчлэгчээ л цомхотгож байна. Цомхотгол хийхийн тулд ажлын зураглал хийж хэчнээн ажлын байр байх тэдгээрт хэчнээн хүн ажиллах талаар нарийн тооцоо хэрэгтэй. Гэтэл захирлын үзэмжээр л шийдэгдэж байгаад холбооны зүгээс маш хатуу байр суурьтай байна" гэдгээ онцлов. 

"Мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй бол төрөөс ирж байгаа дарамт болно"

ДЦС-4 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Энхзул "Засгийн газрын төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах арга хэмжээний тогтоолыг үндэслээд Эрчист Монгол компани 10 хувийн цомхотгол болон захиргааны зардлын 15 хувийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Захиргааны зардал нь үйлчилгээний ажилтнуудын цалингийн зардал руу орж байгаа юм. Засгийн газраас 10 хувийн цомхотголыг тогтоохдоо ямар үндэслэл тоо баримжаа тогтоосон юм бэ? 

Эрчист Монгол компани нь ажил мэргэжлийн түвшинд менежмент хэрэгжүүлэх гээд байгаа юм уу? Засгийн Газрын тогтоолыг шууд авч хэрэгжүүлэх юм бол менежментийн компани гэж тусдаа байхын үр ашиг байна уу? Төрийн өмчит компанийн 66 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч нартайгаа зөвшилцөөгүй. Хурал болоогүй нь компанийн засаглалыг зөрчиж байна.

Ажлын байрны давхцал хаана үүсэж байгаа алдагдлаа илрүүлж, Ийм үндэслэлээр цомхотгол хийнэ. Ийм зардлууд чинь нотлогдохгүй байна зэргээр мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй бол төрөөс ирж байгаа дарамт болно.

Эрчист Монгол компанийн дарамтыг ажилчид дийлэхгүй болж байна. Мэргэжлийн хувийн менежментийн байгууллага бол бодит алдагдлыг тооцоолж хангалттай зөвлөгөө өгнө шүү дээ.

Аль нэг тушаал шийдвэрийг биелүүлж байгаа нэрээр ажилчдыг хохироож болохгүй. Ямар менежмент, стандарт арга зүйгээр үйл ажиллагаа явуулж ямар үр ашиг гаргах гээд байгаа юм бэ?" гэв.