"Нарны гүүрний доорх замыг хоёр урсгалтай болгосон, МТС-ийн уулзвараар буцаж эргэх хөдөлгөөнийг болиулна"
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Нарны гүүрний доорх зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дуусаж, өнөөдрөөс хөдөлгөөнийг нээхээр болжээ. Ингэснээр Нарны хороолол талаас ирэх жолооч нар МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрний зүүн талаар буцаж эргэн хотын төв рүү орох боломжтой болох юм байна.
Нарны гүүрний доод талын Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж зохицуулалт хийснээр МТС-ийн уулзварын хойноос цагт 2,186 тээврийн хэрэгсэл зорчдогоос 942 тээврийн хэрэгсэл нь буюу 43 хувь нь буцаж эргэдэг. Үүнийг 10 хувиар бууруулна гэж тооцоолжээ.
Харин Нарны хороолол, Алтай хотхон зэрэг тухайн бүс орчмын оршин суугчид хорооллоор дамжин өнгөрөх автомашины тоо, түгжрэл нэмэгдэнэ хэмээн шүүмжилж байгаа ч холбогдох албаныхан оршин суугчдад чирэгдэл учрахгүй, хотын төв рүү буюу Нарны гүүр рүү ороход илүү дөхөм болно гэлээ.
Цаашид “Дэма” эмнэлгийн хажуугийн авто замыг Нарны хорооллын хойд замтай Нарны гүүрний доод хэсгээр холбох хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй авто замыг барих шийдэлд хүрчээ.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
