Уншиж байна ...

ЭСЯ: Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн сүлжээнд “Хятад улсаас Монгол Улсад ногдуулах гаалийн татвараа нэмсэн”, “Хятадын тал Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон” гэх мэдээлэл гараад буй.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас мэдэгдэл гаргасныг хүргэж байна.

Мэдэгдэлд "2025 оны долдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Татварын Ерөнхий газар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын урьдчилсан мэдүүлгийг сайжруулах тухай мэдэгдэл” гаргаж, Хятад улсын экспортлогч аж ахуйн нэгжүүд орлогын албан татварын мэдүүлэг гаргах, төлбөр тооцоо хийх үйл ажиллагааг илүү сайжруулан журамласан болно.

Тус мэдэгдэл 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хятад улсын холбогдох аж ахуйн нэгжүүд шинэ журамд дасан зохицох шатанд байсан тул Эрээн боомтоор нэвтрэн өнгөрүүлэх экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт түр саатах асуудал гарсан. Харилцан хэлэлцсэний үр дүнд, тухайн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон болно.

Иймд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тус мэдэгдлээр БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй бөгөөд Монгол Улс руу хийх экспортыг хориглоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

БНХАУ-ын тал Монголын талтай хамтран ажиллаж, хоёр улсын худалдааг тогтвортой, саадгүй үргэлжлүүлэхийн төлөө чармайн ажиллахад бэлэн байна" гэжээ.

зураг