Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байгаа ч гишүүд хуралдаанд оролцоогүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Өөрөөр хэлбэл, тус байнгын хорооны гишүүд хуралдаа оролцохгүй байгаа тул Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хэрхэн нь тодорхойгүй байдалд ороод буй.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос хуулийн гарц, шийдлийн талаар тодрууллаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хурлаа хаасан нь хууль зөрчсөн үү. Байнгын хороог хэзээ хуралдуулах вэ?
-Байнгын хорооны дарга хуулийн дагуу хурлаа хаагаад, дараа нь товыг нь зарлаад хуралдуулах эрхтэй. Энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх нь тодорхой, эцэслэн шийдэх нь тодорхой. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдэх нь Үндсэн хуулиар Их хуралд өгсөн үүрэг юм. 10 хоногийн дотор хэлэлцэн шийдэх ёстой.
Тиймээс ч энэ долоо хоногийн Пүрэв гарагт нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Түүнээс өмнө байнгын хороо хуралдах ёстой. Гишүүд хуралдаа суух үүрэгтэй.
-УИХ-ын даргыг огцруулах тухай бичиг Тамгын газарт очсон уу. Хэрэв очсон бол яагаад хэлэлцэх асуудлыг дараалалд оруулаагүй байна вэ?
-УИХ-ын даргыг огцруулах тухай бичиг Тамгын газарт ирээгүй. Ирэх ч ёсгүй. Үүнийг гишүүд Их хуралд өгдөг.
УИХ-ын даргыг огцруулах тухай бичиг аравдугаар сарын 10-нд УИХ-д ирсэн. Ингээд холбогдох байнгын хороо буюу Төрийн байгуулалтын байнгын хороонд асуудал цохогдож очдог.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлын тухайд нийт гишүүний дөрөвний нэг нь санал гаргасан бол Их хурал гурав хоногийн дараа, 10 хоногийн дотор хэлэлцэн шийднэ.
Харин Их хурлын даргын тухайд нийт гишүүний 50 хувь нь үндэслэл бүхий саналыг өргөн мэдүүлэх юм бол байнгын хороо, УИХ хэлэлцэх ёстой.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор шийдэх бол УИХ-ын даргыг огцруулах асуудалд хуулийн хугацаа байдаггүй. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийднэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 17 буюу түүнээс дээш гишүүн хуралдаад саналаа тавиад олонх дэмжих юм бол нээлттэй. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт УИХ-ын даргыг огцруулах тухай асуудал байхгүй.
Ерөнхий сайдын асуудал бол гүйцэтгэх засаглалын асуудал. УИХ шийдэх ёстой. Харин УИХ-ын даргын асуудал бол 126 гишүүний өөрсдийнх нь, парламентын зохион байгуулалтын асуудал. Хоёр өөр институцын асуудал. Үүнийг яаж хэлэлцэхээ УИХ-ын даргын дэргэхэд зөвлөл шийдэх ёстой.
-УИХ-ын дарга гишүүдийг томилолтоор явахыг хориглосон тухай захирамж гаргасан тухай мэдээлэл цацагдаад байгаа?
-УИХ гишүүн бол хувь хүн биш олон нийтийн төлөөлөгч. Тиймээс хуралдаа суугаагүй шалтгаанаа хэлж, чөлөө авах ёстой. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйл дээр УИХ-ын даргын бүрэн эрхэд “Гишүүдийн гадаад, дотоод томилолтод захирамж гаргах” гэж заасан байгаа. Мөн 2013 онд батлагдсан Гишүүдэд гадаад, томилолт олгох журам гэж бий. Тэрхүү журмын 8.6-д “Зайлшгүй тохиолдолд УИХ-ын дарга гишүүдийн ирцийг хязгаарлах эрхтэй” гэсэн байдаг. Тиймээс хуулийн зөрчил гараагүй.
-Яг өдөөд улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байх ёстой. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгийг ч гүйцэд явуулаагүй байна. Төсвийн тухай хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх оны төсвөө баталж чадахгүй бол яах вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 гаруй хуулийн алинд ч төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө баталж чадахгүй бол Их хурал тарна гэдэг заалт байхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!