УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ удаагийн бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн төрийн нууцад хамаарах оффтейк гэрээнүүдийг ил болгосон талаарх мэдээллийг сонслоо. Үүний цаана асар том нүүрсний хулгайг тоо баримттай нь ярилцах боломж олдож байна. Мөн аж ахуйн гэрээнүүдийг улсын нууцад аваад, хулгай хийдэг байдал хэзээ яаж бүрдсэн бэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Ирэх долоо хоногт миний бие Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа. 2016 он арванхоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль гэж байсныг Төрийн болон албаны нууцын тухай хууль болгон өөрчилсөн. Тухайн үед аль улс төрийн хүчин эрх барьж байсан бэ гэдгийг анхаарна биз. Түүнээс хойш нууцад авсан асуудлын хулгай даамжирсан. Энэ бол нүүрсний хулгайн системийн тухай асуудал юм шүү.
Хоёрдугаарт, ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын зөрчлийн асуудлаар бид байр сууриа ярилцлаа. Энэ асуудлыг хэлэлцэж дуусах сүүлийн хугацаа аравдугаар сарын 17-н буюу Баасан гараг. Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөө, маргаашдаа шийдэгдэхгүй болов уу. Тиймээс АН-ын бүлэг гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!