Уншиж байна ...

Б.Жавхлан: Төсөв өргөн барьснаас хойш 45 хонолоо. Хэрэв баталж чадахгүй бол төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тухай гишүүдийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх байлаа. Гэвч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хурлыг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулав. 

Тус хурлын дараа Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Засгийн газрыг огцруулах эсэх хурлыг тодорхойгүй шалтгаанаар Байнгын хорооны дарга хойшлуулчихлаа. Өнгөрсөн Баасан гарагт Байнгын хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж ажлын цаг дууссан учраас хойшлуулсан. 

Гэтэл одоо ажлын цагаар ирц нь хүрчихсэн Байнгын хороог тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. Нэг шалтгаан хэлсэн нь "ирцэд байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй" гэж байна. Одоогийн УИХ-ын дэгээр ирцэд орсон ч байхгүй бол санал нь эсрэг гараад явж болдог. Ийм шалтгаанаар хойшлуулж байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байна.

Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хурал давхацсан учраас санал хураалтын үеэр орж ирнэ гэдгээ мэдэгдсэн. Үг хэлэх 10 гишүүний 5 нь хуралдааны үеэр сууж байсан. 

Байнгын хорооны хурал даргалж байсан хүн хэт нэг талыг барьж байгаа нь муухай харагдсан. Баасан гарагт яаж олуулаа ганц хүнийг тал талаас нь боорлож сууж байв. Бид бүхэн Ерөнхий сайдыг ганцааранг нь оруулчхаад суугаад байлтаа биш Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш ч гэсэн хуралд орж ирсэн.

УИХ-ын дээр 108 гишүүний, МАН-ын Бага хурал дээр 67 хувийн санал авч гарч ирсэн Ерөнхий сайдыгаа 100 хоног дээр нь манай намын нөхдийн санаачилгатайгаар огцруулахаар боорлож суугааг харахад маш харамсалтай байлаа. 

Төсөв өргөн барьснаас хойш 45 хоног боллоо. Төсөв батлах хугацаа дуусахад гурван долоо хоног үлдлээ. Өвөл хаяанд ирчихсэн байна. Хэрэв төсөв баталж чадахгүй бол нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөвхөн төрийн албан хаагчдын цалин тавих төдийд л төрийн ажил үргэлжилнэ. Энэ бол маш харамсалтай асуудал. 

Огцруулах санал дотор АМНАТ-ийг дурдсан. Үндэсний уул уурхайн биржийн тухай хуультай болсны үр дүнд Хятадын биржийн үнээр бус Монгол Улс өөрийнхөө биржийн үнээр АМНАТ-өө тооцдог болох байсан. Зөвхөн төрийн өмчит компаниуд үндэсний биржийн үнээр суурь үнэ тооцдог, хувийн компаниуд Хятадын биржийн үнээр тооцдог байж болохгүй. Энэ бол зөвхөн нэг компанид зориулж гаргасан хууль биш" гэв.