ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай албан бичигт 67 гишүүн гарын үсэг зуржээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай албан бичгийг өргөн барих гэж байгаа талаараа нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан “Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал гаргаснаа танилцуулъя. Нэр бүхий гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураар түдгэлзэн шалгуулахыг шаардсан. Гэвч уг шаардлагыг хүлээн аваагүй. УИХ-ын гишүүд бид Д.Амарбаясгаланг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах саналыг үүгээр гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12-ын 2.3 дахь заалтад УИХ-ын нийт гишүүний олонх УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг УИХ-д хүлээн зөвшөөрсөн гэж мөн хуулийн 12-ын 3 дахь хэсэгт хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд уг тогтоолыг баталсанд тооцно гэж хуульчилсан байдаг.

Уг албан бичигт МАН-ын 34, АН-ын 31, бусад нам эвслээс 2 буюу нийт 67 гишүүн гарын үсэг зурсан.

Уг албан бичгийг одоо УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулах гэж байна” гэлээ.