"Оршин суугчид СӨХ-ны мөнгөө цагт нь төлдөггүйгээс лифтний засвар үйлчилгээг хийж чаддаггүй"
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8,524 цахилгаан шат/лифт/ байдаг байна. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байгаа бол их эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй 488 лифт байгаа аж.
Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотод ашиглаж байгаа албан байгууллага, орон сууцнуудад энэ жил хоёр удаа үзлэг, шалгалт хийлээ. Шалгалтаар шаардлага хангахгүй болон өндөр эрсдэлтэй 488 лифт байгааг тогтоолоо. Дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох СӨХ-дод лифтнүүдээ шинэчилж, засах мэдэгдэл хүргүүлсэн.
Нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд найм, 2024 онд 35 лифтийг шинэчилсэн. Энэ онд 42 лифтийг шинэчилж байна" гэв.
Лифтний ашиглагдах хугацаа дунджаар 20 жил байдаг бөгөөд эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүйгээс лифт эвдэрч, ашиглалтаас гардаг гэнэ. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал тул оршин суугчид цаг тухай бүрд нь СӨХ-ны төлбөрөө төлөх хэрэгтэйг хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
