Уншиж байна ...

"ОХУ-аас ямар ч нөхцөлд биднийг бензин, шатах тослох материал, тэслэх дэлбэрэх бодисоор таслахгүй гэх амлалтыг өгсөн"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр шатахууны нийлүүлэлт, нөөцийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг хүргэлээ. 

Бензин түлштэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллээр савлуулахгүй байвал нөхцөл байдал хэвийн байгаа. Яг байдгаараа л хэвийн байна.

Энэ зүй зохисгүй үйлдлээ таслан зогсоож, ард иргэдийг тайван амгалан байлгахыг хүсье гэдгийг тэрбээр хэлэв. 

Шатахууны нөөцийн талаар "Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд Владивостокт хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан байдаг. 

Мөн миний бие ОХУ-ын Эрчим хүчний сайд, Байгалийн нөөцийн сайд нартай уулзаж, ярилцсан. Ямар ч нөхцөлд биднийг бензин, шатах тослох материал, тэслэх дэлбэрэх бодисоор таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. 

Манай гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэр жил болгон засварт ордог бөгөөд долоо хоногийн дараа засвар нь дуусна. Ингэснээр шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэсэн хүлээлттэй байна" гэв. 

Үргэлжлүүлэн "Баруун аймгуудын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ тун бага.

Шатахуун нийлүүлдэг компани нь Газпром нефть ба дунд нь худалдааны компаниуд ажилладаг. ОХУ-ын Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу жижиг компаниудтай нийлүүлэлт хийхгүй байгаа.

Энэ асуудлыг ОХУ-д тавьсан бөгөөд арваннэгдүгээр сараас нийлүүлж эхэлнэ. Одоогийн байдлаар баруун аймгуудын бензиний нийлүүлэлтийг Улаанбаатар хотоос хангаж байна.

Урт хугацааны шийдэл олон жил яригдаж байсан.

Энэ удаад хоёр чиглэлийн санхүүжилтийн хямд өртөгтэй зээлээр ААН-үүдийг дэмжиж хийе гэсэн шийдвэрт ойртож байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас тогтоолын төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, манай яамнаас хамтарч хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох шийдвэрүүдийг удахгүй гаргана. 

Энэ хүрээнд Засгийн газар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан 3-6 сарын хугацааны нөөцөө бүрдүүлж хадгалдаг байх зорилтоо биелүүлэх ёстой.

Манай улсын нэг сарын нөөцийг хадгалдаг савны хөрөнгө оруулалтын хэмжээ 500 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнд 10 хувийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ААН-үүддээ өгөхөөр 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгох ажил хийгдэж байна.

Үүнийг хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгө, арилжааны зээлийн санхүүжилтээр хийх ямар ч боломжгүй юм билээ. Бизнесийн хувьд ашиггүй учраас сонирхолгүй байдаг" гэдгийг дурдав. 

Мөн "Геополитикийн нөхцөл байдал эвгүй байгаа энэ үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхэд бэлдэж байна.

Дээр дурдсанчлан нөөцийн саваа дүүргэхэд санхүүжилтийн эх үүсвэрээ бий болгох ёстой. Үүнд нь зээлийн эх үүсвэр гаргаж өгөх бэлтгэл ажлыг хангаж байгаа. 

БНХАУ-аас импортлох тухай асуудал яригдана. Одоо ч бид Хятадаас шатахуун импортолж байгаа. Гол асуудал нь Замын-Үүдэд байдаг дамжуулан ачих төвийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэх нь чухал.

Өдөрт 30 гаруй вагон тасралтгүй ажиллаж байж буулгадаг жижигхэн дамжуулан ачих сав бий. Үүний хажууд том хэмжээний сав барих төлөвлөлт байна.

Мөн дамжуулан ачих, буулгах төвүүдийг олон болгох, хөрөнгө оруулалтыг хийх чиглэлд ААН-үүдтэй ярьж байгаа.

Ард иргэд тайван амгалан байгаарай. Хариуцсан яам зохицуулалт хийж, бензин түлшний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг авч байна.

Зарим ААН зохион байгуулалттайгаар хомсдол бий болгож байна гэх асуудал бий. Үүнийг шалгаж нягтлаад шаардлагатай бол хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайд хууль хүчний сайдуудад өглөө" гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.