Иргэн эмийн жор бичүүлж аваад тухайн эмийнхээ үнийн мэдээлэл болон өөрт ойрхон эмийн сангийн байрлалын мэдээлэл зэргийг шууд харж чаддаг болж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаныхан өнөөдөр мэдээлэл хүргэлээ.
em.hdc.gov.mn сайтад одоогийн байдлаар 2,605 эмийн сан, Монголд бүртгэлтэй идэвхтэй ашиглагдаж байгаа 2,665 эмийн үнийн мэдээллийг газарзүйн байршлаар иргэдэд ил тод харуулах аж.
Жишээлбэл Мезимфорте эмийг хайхад хориглох заалт, ямар үед хэр их тунгаар яаж хэрэглэх тухай мэдээлэл нь худалдаанд байгаа хайрцгийнхаа зурагтай цуг гарч ирэх юм байна. Мөн Монгол Улс даяар уг эмийг хэдэн эмийн сан, хаана, хэдэн төгрөгөөр зарж байгаа мэдээлэл нь харагдах аж. Түүнчлэн тус эмийн сан руу хэрхэн очих заавар харагдах юм байна.
Уг системийг ашигладаг болсноор иргэн өөрөө үнийн хөөрөгдөлд хяналт тавих боломж нь бүрдэж байгаагаараа онцлог гэв. Эмийн мэдээллээ нягтлаж, аль болох хямдхан газраас сонголтоо хийх боломж бүрдлээ гэв.
Мөн И-баримт аппликэйшний эрүүл мэнд хэсгээс эмийн мэдээллийг сонгож харж болох юм байна. Мэдээллүүдийн хот, аймаг, сумаар нь нарийвчлан яг одоогийн мэдээллийг иргэдэд өгөх аж.
Тус системийг ашиглах бол ЭНД ДАРНА УУ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!