Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 1991 оноос хойш 348 төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор 9.1 тэрбум ам.долларын зээл гаднаас авчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанд гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг өгөв. 

Уг мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш нийт 348 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 9.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг авч ашигласан бөгөөд үүнээс 6.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төслийн зээлд буюу 308 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд зарцуулсан бол төсвийн дэмжлэгийн зориулалтаар нийт 3.1 тэрбум ам.долларын 40 хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг авч ашигласан байна. 

Сүүлийн 30 гаруй жил авч ашигласан зээлийг бүтцээр нь харвал, Монгол Улс 1991-1999 онуудад нийт 1.3 тэрбум ам.долларын эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулах зорилготой зээл авч байжээ.

Харин 2000-2009 онуудад дэд бүтэц бий болгох, дулааны цахилгаан станцыг шинэчлэх, авто зам болон төмөр зам барих, нийтийн аж ахуй болон агаарын тээврийн дэд бүтцийг бий болгох чиглэлээр нийт 1.5 тэрбум ам.долларын зээлийг авч ашигласан байна.

зураг
 

Сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан бөгөөд тухайлбал Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Төв цэвэрлэх байгууламж барих төсөл”, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, “Яармагийн болон Замын цагдаагийн гүүр барих төслүүд”, “Гацуурт-Налайхын автозамын төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, Дэлхийн банкны зээлээр эрчим хүчний алдагдал бууруулах, шинэчлэл хийсэн “Эрчим хүч-1, 2 төсөл” зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна гэж Сангийн сайд мэдээлэлдээ дурдав.

Өнөөдрийн байдлаар 2014 оноос эхлэн гэрээ, хэлэлцээр нь байгуулагдсан, Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан нийт 19.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээл, тусламжийн 96 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 6.3 их наяд төгрөг буюу 31.6 хувийг өнгөрсөн хугацаанд ашигласан, үлдсэн 13.6 их наяд төгрөг буюу 68.4 хувь нь ашиглагдаагүй байна. УИХ-аас 2025 онд нийт 1.9 их наяд төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг 2025 оны төсвийн тухай хуулиар баталсан. УИХ-аар баталсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх асуудал хамгийн тулгамдаж байгаа асуудал болоод байна гэлээ.

Нийт хэрэгжиж буй зөвхөн зээлийн төслүүдийг авч үзвэл 500.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 5 төсөл байгаа бөгөөд 2025 онд батлагдсан нийт гадаад зээлийн ашиглалтын 57 хувийг уг төслүүд дангаараа эзэлж байгаа аж.

зураг
 

2020 оноос хойших нөхцөл байдлыг харвал Гадаад зээлийн ашиглалтын батлагдаж буй нийт хэмжээ ашиглаагүй үлдэгдлийн 12 орчим хувьд байгаа нь цаашид гадаад зээлийн ашиглалтын талаар бодлогын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна хэмээгээд дээрх бодлогын арга хэмжээг авахгүй бол нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зардал нэмэгдэх, хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, төслүүдийн үр өгөөж, эдийн засгийн үр ашгийг хүртэх хугацаа хойшлох бодит эрсдэлтэй байна гэж үзэж буйгаа Сангийн сайд илэрхийлжээ.