УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өнөөдрийн чуулганы хуралдааныг орхин гарсан.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ дахь бүлэгтээ үндсэн хоёр чиглэл өгсөн юм. Үүний дагуу өнөөдөр чуулганы хуралдааныг орхин гарч, бүлгээрээ хуралдсан байна. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.
Тэрбээр "АН-ын удирдах байгууллага болох Улс төрийн зөвлөлөөс хоёр асуудлаар чиглэл өгч, бүлгийн гишүүд намын байр суурийг нэгдмэл байдлаар илэрхийлж ажилла гэсэн.
Эрх баригч намын даргын сонгуультай холбогдуулан нийгэмд олон мэдээлэл задарсан. Мөн маш хариуцлагатай албан тушаалтнуудын амаар тодорхой хэмжээний гэмт хэрэг шиг зааж ярьж байгаа. Энэ асуудлууд хавтгай хөндөгдөж байгаатай холбоотойгоор парламентыг ийм асуудалтай холбогдсон МАН-ын дарга болж буй хүн удирдах нь зохимжгүй байна.
Тиймээс Д.Амарбаясгалан гэдэг хүн УИХ-ын индэр дээрээс даргынхаа сонгууль болон хэл амтай холбоотой асуудлаа аргалах гэж оролдвол сонирхлын зөрчил үүсэх учраас парламент удирдуулахгүй, ийм асуудалтай УИХ-ын хэлэлцүүлэгт орохгүй шүү гэсэн.
Эргэлзээ байгаа бол түүний хажуугаар нүдээ аниад өнгөрч болохгүй. Эргэлзээтэй холбоотой сонирхлын зөрчилгүй шийдэхийн тулд намын даргын асуудлыг эцэслэтэл, олон нийт итгэхүйц тайлбар мэдүүлэг өгөх хүртэл УИХ-ын даргын индэр дээр та суух нь зохимжгүй гэдэг зүйл яригдсан.
Хоёрдугаарт сүүлийн долоо хоногт болж буй үйл явцыг анзаарсан байх. Төр, засаг ерөнхийдөө эзгүйдсэн. Ямар ч яам, төрийн байгууллага ажил хийхгүй хүлээлтийн байдалд орчихлоо. Энэ цаг хугацаанд 2026 оны төсөв эзэнгүй байна. УИХ-д орж ирсэн сайдууд ч итгэл үнэмшилгүй байна.
Тиймээс бид бүхэн эзэнгүй төсөвтэй холбоотой асуудлаа буцааж татах юм уу, шийд. Гадна гудамжинд багш нар цалингаа нэмүүлэх, тэтгэвэр нэмэх, бизнес эрхлэгч нар данхайсан бүтцээ багасгахыг шаардаж байгаа. Гэтэл энэ шаардлагад ямар ч хариугүй төсөв орж ирсэн атлаа ард нь эзэн алга.
Д.Амарбаясгалан байна уу, Г.Занданшатар байна уу ялгаагүй УИХ дээр аль аль нь сонирхлын зөрчилтэй эзэнгүй байдал үүсгэчихлээ. Энэ асуудлаа шийдэхгүйгээр улс орон урагшаа явахгүй, тиймээс төсвөө эргүүлэн татах асуудал яригдаж байна гэдэгт манай бүлэг нэгдмэл байр суурьтай байна.
Бид парламентыг хямраахгүй, УИХ ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ энэ хоёр хүнгүйгээр асуудлаа шийдэх боломж юу байна вэ гэдэгт цаашдаа явна. Ардчилсан Нам төр, засаг гацаахгүйгээр ажлыг урагшлуулна. Сонирхлын зөрчилтэй байгаа энэ хоёр хүн нэг нь намдаа, нөгөө нь парламентад итгэл даахгүй байна.
Парламент асуудлаа тасалдалгүй явуулахын тулд дэд даргатай байдаг. Дэд дарга удирдаад явбал Ардчилсан Нам чуулганд суугаад явна. Бид чуулганы хуралдаанд ороод ирцээ бүрдүүлсэн, завсарлага аваагүй. Парламент огт гацаагүй. Намын даргын сунгаанаас болоод ажил дээрээ хариуцлагагүй хандаж байгаа хүмүүсийг яах вэ гэдэг нь асуудал байна" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!