МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр яаралтай хуралдсан байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргажээ.
Б.Энхбаяр гишүүн нь өнгөрсөн долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар "нүүрсний хулгайтай" холбоотой хэмээн ноцтой мэдэгдэл хийсэн юм.
Түүнчлэн намын даргын өрсөлдөөнд ялагдсан гэх Ерөнхий сайд Г.Занданшатар "Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.
Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна.
Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" хэмээн энэ долоо хоногийн Мягмар гарагт мэдээлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!