Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор өнөөдөр Улаанбаатарт уур амьсгалын шинжлэх ухаан, шийдлийг хуваалцах илтгэлээ тавина

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Аль Горын үүсгэн байгуулсан The Climate Reality Project ашгийн бус байгууллага 2025 оны аравдугаар сарын 2-3-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Climate Reality Leadership Corps манлайллын сургалтыг зохион байгуулж байна.

Дэлхий даяар хэрэгжүүлж буй REALITY Tour аяны нэг хэсэг болсон энэхүү цуврал сургалт нь энэ жил Парис, Найроби, Рио-де-Жанейро зэрэг хотод зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот дөрөв дэх зогсоол нь болж байна. Сургалтад ноён Аль Гор өөрийн биеэр хүрэлцэн ирж, уур амьсгалын шинжлэх ухаан болон шийдлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг хуваалцах илтгэлээ тавина.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй Монгол Улсад зохиогдож буй энэхүү үйл явдал нь үндэсний хэмжээний асуудлуудад онцгой ач холбогдол өгч байна. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх улс төрийн хүсэл зориг, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн шинэ боломжууд, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалах, нүүдэлчин соёлын өвийг хадгалах шинэ арга зам, мөн агаарын бохирдол, түлшний хэрэглээ зэрэг иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй асуудлыг шийдвэрлэх гарц зэрэг Монгол Улсад нэн чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит шийдэл хэрэгжүүлэх, манлайлах ур чадварт суралцах юм.

Энэхүү арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асуудлаар дуу хоолойгоо хүргэж, бодит шийдэл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн 20 гаруй байгууллага дэмжин оролцож байна. Зөвхөн Монголд төдийгүй олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагаа нь 2025 оны арваннэгдүгээр сард Бразил улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 30-р бага хурал (СОРЗО)-ыг угтаж, дэлхий даяар зоримог, өргөн хүрээтэй уур амьсгалын үйл ажиллагааг шаардах нэгдсэн уриалгыг бий болгохыг зорьж байна.

 

Эх сурвалж: The Climate Reality Project