Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Төгөлдөр: Дахин санал хураалтын өмнө ирц хүрэхгүй байсан учраас нэг давхраас хүмүүс гүйлгэж 00 хүртэл шалгасан. Би ичээд нүүр улайсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын /МАН/ Бага хурал өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт болж, хоёр удаа санал хураалт явуулсны үр дүнд Д.Амарбаясгаланг намын даргаар сонгогдсон хэмээн зарлав.

Үүнтэй холбогдуулан МАН-ын хуулийн хэлтсийн дарга Г.Төгөлдөр энэ санал хураалтыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хууль болон дүрэмд заасны дагуу намын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа өгч байгаа шалтгаанаа тайлбарлаагүй. Одоог хүртэл миний харснаар намын даргын өргөдөл хурал дээр харагдаагүй.

Намын даргыг сонгох агуулгаар санал хураалт явуулъя гэсэн. Гэтэл Бага хурлын гишүүд намын дарга Л.Оюун-Эрдэнэ хүсэлтээ өгч байгаа бол баталгаажуулаад тогтоол гаргаад орон гарсан учраас санал хураалт явуулах агуулгатай гэж хэлсэн. 

Би Бага хурлын тогтоол бэлдсэн хүний хувьд хэлэхэд эхлээд намын даргыг чөлөөлсөн, дараа нь сонгож баталсан гэдэг дарааллаар бэлтгэчихсэн байсан. Гэтэл хурлын дарга уншихдаа нэг тогтоол дээр хоёуланг нь оруулъя гэсэн. Чөлөөлсөн, баталсан тогтоол зэрэг гарснаар хэн нэгэн сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга хэвээрээ байх үндэслэлтэй. 

Дахин санал хураалт сонирхолтой болсон. Бага хуралд 440 гишүүн баталгаажиж оролцсон. Эхний санал хураалтад аль нэг нэр дэвшигч 3/2 санал аваагүй учраас хуульд заасны дагуу намын даргын асуудлыг Их хурлаар шийдэх ёстой байсан. Хоёр дахь санал хураалтын өмнө хурал хүчинтэй байхын тулд хүмүүсээ оруулж ирсэн. Ирц хүрэхгүй байсан учраас нэг давхраас хүмүүс гүйлгэсэн, утас цохисон, 00 хүртэл шалгасан. Оруулж ирэх гэж гоё юм болсон. Индэр дээрээс Батаа, Доржоо, Дуламаа ороод ирээрэй гэж дуудаж байгаа. 

Сүүлдээ цагаандаа гарна гэдгээр гэртээ харьсан бол аваарай ирээрэй гэсэн. Би ичээд нүүр улайсан. Арай гэж ирцэд хүргэсний дараа хүмүүс орж ирэнгүүт алга ташиж угтаж авсан. Санал хураалтад хэд хэдэн хүмүүс цагаан хуудас өгөхөд биднийг хүндэлсэнгүй саналаа заавал өг гэж орилсон.

Намын тухай хуульд заасны дагуу намын даргын өөрчлөлтийг 60 хоногийн дотор Дээд шүүхэд хүргэж, 30 хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэр гаргана гэж байгаа. Бага хурлын шийдвэрийг Дээд шүүхэд өгөх үү гэдэг асуудал байна. Өгөхгүй байж байгаад их хурлаар шийдвэрлүүлэх үү, Бага хурлын шийдвэрийг их хурлаар батламжлах уу гэдэг асуудал яригдаж байна. 

Бага хурал асуудалгүй болсон юм бол энэ долоо хоногт багтаагаад Дээд шүүхэд өгчих. Тогтоол бүгд албажаад гарчихсан учраас удах зүйл биш" гэв.