УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-д дурдсан ач холбогдол бүхий мэдээллийг нийт гишүүд, олон нийтийн сонорт хүргүүлж байна.
АНУ-ын Төрийн департаментаас жил бүр нийтэлдэг уг баримт бичигт дэлхийн улс орнуудад хөрөнгө оруулалтын орчин, боломж, сорилтуудын талаар тоймлон мэдээлдэг буюу Америкаас чиглэсэн хөрөнгө оруулах, бизнес эрхлэхийг зорьж буй компани, бизнес эрхлэгч нар оновчтой шийдвэр гаргахад туслах зорилготой нийтэлдэг баримт бичиг юм.
Монгол Улс нь байгалийн баялгаар арвин бөгөөд уг салбарт нь хөрөнгө оруулагчдад ашигтай байх тал харагдаж байгаа хэдий ч тухай улсын эдийн засаг, улс төр, эрхзүйн орчны нөлөөллөөс улбаатай хэд хэдэн хүчин зүйлсийг тооцож, болгоомжтой хандах хэрэгтэй гэж онцолжээ. Үүнд:
Уул уурхай, эрчим хүч зэрэг улс төрийн нөлөөлөлд өртөмтгий салбарт хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй. Том зургаараа бол Монголын зах зээлд нэвтрэхэд саад тотгор харьцангуй бага бөгөөд хөрөнгө оруулагч нарт цөөн тооны бэрхшээл тулгардаг гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалт татах, үр өгөөж өндөр байж болох салбаруудын тоонд түргэн хоол болон конвиненс дэлгүүрүүд зэрэг франчайз бизнесүүд багтаж чадсан нь хөрөнгө оруулагчид олон улсад танигдсан бизнес загваруудыг Монголд авчрах боломжтойг тодоор харуулж байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар ч гэсэн маш их бололцоо харагдаж байна.
Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг хэвээрээ боловч бодит ажил хэрэг болгон хувиргах асуудалтай тулгарсаар байна. Аливаа хууль, журмыг чанд сахих, улмаар таамаглаж болохуйц эрхзүйн орчныг бүрдүүлж эс чадваас хөрөнгө оруулагч нарын хувьд Монгол Улс бизнес эрхлэхэд өндөр эрсдэлтэйд тооцогдон, бусад өрсөлдөх чадвартай орнуудыг сонирхох магадлалтай гэжээ. Мөн түүнчлэн, бизнес эрхлэгч нар байнга хууль, журамтай холбоотой бэрхшээлүүдтэй янз бүрийн түвшинд нүүр тулдаг ба яам, агентлагийн албан тушаалтнууд мөрдөж буй хууль тогтоомжийг тогтмол зөрчиж байгаа гэж мэдээлжээ. Хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр хэтэрхий удаашралтай, шийдвэр гүйцэтгэх хугацаа ч мөн адил удааширч байгааг дурдаж, татварын ерөнхий газар зэрэг захиргааны байгууллагууд маргааныг шийдвэрлэх мэргэжлийн чадваргүй, хүсэл эрмэлзэлгүй байдгаас тэдний зан авир нь шууд бусаар өмчлөх эрсдэл болж байгааг мэдээлж байна.
Хөрөнгө оруулагч нар татвар ногдуулах явц нь хэтэрхий их дарамт учруулах, цаашлаад хүчээр тохиролцоонд шахах эрсдэл байгаад санаа зовниж байгааг онцолсон. Шинээр хөрөнгө оруулах сонирхолтой талууд засгийн газар нь ТӨК-иудыг хувийн хэвшлийн компаниудаас илүүд үздэг гэх ажиглалт хийж, нэгэнт хөрөнгө оруулсан бизнес эрхлэгч нарыг цаашид өсөх боломжоос хаших эсвэл шинээр хөрөнгө оруулах сонирхолтой талуудыг үргээх тал ажиглагдаж буйг мөн тэмдэглэв.
Уг баримт бичгийн албан ёсны Монгол хэл дээрх хувилбар 2025 оны 10-р сард эцсийн байдлаар нийтлэгдэх ба бид тухайн үед дэлгэрэнгүй хувилбарыг цахим хэлбэрээр гишүүд, олон нийттэй хуваалцах болно. 2025 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл дараах гарчгуудтай нийтлэгдэх болно.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!