Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх боломжит хугацаа 2025 онд тохиож байгаа билээ.
“Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчийн гэрээ”-нд 7 жил тутамд хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийн тодорхойлолтод буй хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх зохицуулалт туссан бөгөөд холбогдох талууд зөвшөөрснөөр хувийг өөрчлөх боломжтой юм.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажлын хэсгийг ахалж оролцох үүднээс байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Зээл болон менежментийн төлбөрийн асуудлыг долоон жил тутамд талууд харилцан тохиролцоод өөрчлөх боломжтой. Гуравхан сар хүрэхгүй хугацаа үлдчихсэн байхад бид бүхэн 12 дугаар сарын 31-н гээд боломжоо алдах шинжтэй байна.
Рио Тинто компанитай хийсэн хэлцэлд 12 тодорхой асуулт байдгийн есийг нь хэлэлцээрийн шатанд тохирсон. Харин үлдсэн зээлийн хүү, менежментийн төлбөрийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэл олоод урагшлах ёстой. Сүүлдээ асуудлууд зангидагдаж байгаа зүйл алга, бие бие рүүгээ чихсэн байдалтай байна. Ийм үед Монголын ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэдэгт итгэхгүй байна.
Энэ төслөөс үр өгөөж хүртэх, бололцоот байдлыг илэрхийлэх ёстой. Үүний нэг нь өөрт оногдож буй "Оюу Толгой" ХХК-ийн 34 хувийг бид тусгай АМНАТ-өөр орлуулж төслийн гол тоглогчтой яриа хэлэлцээрт орох ёстой. Ингэж байж үр өгөөж хүртэнэ. Шударгаар АМНАТ-өө авъя. Энэ нөхдөд хөнгөлөлттэй АМНАТ өгсөн атлаа "Эрдэнэт үйлдвэр" маш өндөр АМНАТ төлөөд явж байх жишээтэй.
Тиймээс Монгол Улсад оногдож буй 34 хувийн эзэмшлийн хувьцааг бизнесийн зарчмаар яриа хэлэлцээр хийгээд тусгай АМНАТ-өөр өгөөд, холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлттэй биш журмаар АМНАТ авах ёстой. Ийм байдлаар дахиад 7 жил энэ маягаар үргэлжилбэл бидний ашиг 2036 оноос хойшилж магадгүй.
Сүүлдээ энэ төслийг гол үүц болох хэсгүүд дууссаны дараа асуудлыг ярих гээд байна. Мөнгөн урсгал өндөр байгаа дээр авах ёстой юмаа авах ёстой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам анхандаа Оюутолгойн бүлэг орд гэдэг зүйлийг тодорхойлж өгөөгүй атлаа гүний уурхайн бүтээн байгуулалтын дараа тогтоож өгсөн. Тэгэхээр "Жавхлант", "Шивээт" ордыг Оюутолгойн бүлэг ордод оруулах эсэх асуудал тодорхойгүй байна. Энэ хоёр орд бол хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг биш. Бид дахиж ярина" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!