Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн өндөрлөлөө.
Тэмцээнийг 11 өдрийн дараа унаагүй тэргүүлж явсан Хоошорёюү С.Бямбасүрэн 12 дахь өдөр украин бөх Аонишикид, 13 дахь өдөр озеки Котозакүрад дараалан ялагдсан юм. Улмаар сүүлийн хоёр өдөр дараалан ялсан ч нэмэлт барилдаанд ёкозүна Оносатод ялагдсанаар үзүүрлэлээ.
Өдгөө 25 настай япон ёкозүна Оносато 13 даваа, 2 унаатайгаар Эзэн хааны цомыг тав дахь, өнгөрсөн тавдугаар сард ёкозүна цолтой болсноос хойш анх удаагаа түрүүлж буй юм.
Сүүлийн дөрвөн тэмцээн дараалан качигоши буюу 50 хувиас дээш амжилт үзүүлсэн секивакэ Киришима Б.Лхагвасүрэн 6 даваа, 9 унаатай тэмцээнийг өндөрлүүлснээр ирэх тэмцээнд цол буурах нь тодорхой болов.
Мөн ирэх арваннэгдүгээр сард 41 нас хүрэх Тамаваши Б.Мөнх-Оргил энэ тэмцээнийг 6 даваа, 9 унаатай дуусгалаа.
Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Ошома П.Дэлгэрбаяр 9 даваа, 6 унаатай качигоши хийсэн юм.
Түрүү бөх ёкозүна Оносатог ялсан 22 настай Хакүохо сүүлийн өдөр давснаар 50 хувийн амжилтаа үзүүлж, гарамгай барилдааны шагналыг хүртсэн бол тэмцээний турш түрүүлэх бөхийн тоонд өрсөлдсөн Таканошо 12 даваагаар дайчин барилдааны шагнал хүртэв.
Харин 11 даваа авсан комисүби Аонишики техниктэй бөхийн шагнал авлаа. Тэрбээр дээд зиндаанд дөрвөн тэмцээнд барилдахдаа бүгдэд нь 11 давсан юм. Эхний хоёр тэмцээнд дараалан дайчин барилдааны шагнал авч буй бол сүүлийн хоёр тэмцээнд техниктэй бөхөөр тодорчээ.
Хэдийгээр Дээд зиндаанд манай бөхчүүдээс түрүүлээгүй боловч жүрье зиндаанд Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох 13 даваа, 2 унаагаар түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээнд макүшита зиндаанд түрүүлснээр цолтой бөх болсон билээ.
Харин жонокүчи зиндаанд энэ сарын тэмцээнээс анх удаа зодоглосон улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох түрүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!